Монгол, Энэтхэгийн сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-01-08 18:22:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Энэтхэг улс анх удаа сурагч солилцооны хөтөлбөр эхлүүлэхээр боллоо. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 21 сурагч, 3 багш Энэтхэг улсын Пагвара хотын Кэмбриж Олон улсын сургуульд  энэ сарын 12-26-нд суралцана.

Өнөөдөр болсон хөтөлбөрийн нээлтэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, Нэгдүгээр орлогч дарга О.П.Мийна болон Раженда Жа Манан нар  оролцож сурагчдад амжилт хүсэв. Элчин сайд М.П.Сингхийн тусламж дэмжлэгээр тус хөтөлбөрийг  Монгол, Энэтхэг улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлж буйгаараа онцлогтой.

Хөтөлбөрөөр хоёр орны залуу үеийнхний зөв харилцааг дэмжих зорилготой гэдгийг “Эмпати Ертөнц ХХК”ийн ерөнхий захирал Б.Ганбат тодотгоод, “Энэ сард Монголын сурагчид явж байгаа бол 6 дугаар сард Энэтхэгийн сурагчид манай улсад ирж суралцана. Англи хэлний мэдлэгээс гадна тодорхой шалгуур хангасан сурагчдыг хөтөлбөрт сонгон оролцуулсан. Хөтөлбөр цаашид үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Хөтөлбөрт Улаанбаатар Эмпати Сургууль, Орхон Эмпати Сургууль, Дархан Эмпати Сургууль болон Баян-Өлгий Эмпати Сургууль, Улаанбаатар Элит Олон улсын сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагджээ.

 

Орхон Эмпати сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Э.Галбадрах, “Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах болсондоо баяртай байна. Монгол, Энэтхэг улс эртний найрсаг харилцаатай. Аав маань геологийн чиглэлээр Энэтхэгт суралцаж төгссөн.  Тиймээс би ч гэсэн Энэтхэг орноос их зүйл суралцаж ирэх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


Сурагчид хичээлд сууж, соёл, урлаг болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдахаас гадна Амритсар хотын Алтан Сүм, Агра хотын Таж Махал, Шинэ Дели хотын Улаан боомт болон бусад дурсгалт газарт зочлох аж.

 



Холбоотой мэдээ