Гэр хорооллын айл өрхүүдэд энэ сарын 10-ны дотор угаар мэдрэгч суурилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-01-02 12:03:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлд өнгөрсөн шөнийн байдлаар Яаралтай түргэн тусламжийн төвд 6 дуудлага ирснээс түүхий нүүрстэй холбоотой гомдол мэдээ ирээгүй байна.

НСХГ-ын газрын дэд дарга С.Даваасүрэн, “Өнгөрсөн оны байдлаар Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлшний 70 дээжинд шинжилгээ хийсэн. Шахмал түлшний 61, барьцалдуулагч 4, технологийн усанд 2, тортог бууруулагч технологийн усанд 1 удаа шинжилгээ хийсэн. Дотоод болон гадаадаас ирүүлсэн шинжилгээний хариуд шахмал түлшинд хүний эрүүл мэнд байгаль орчинд ноцтой нөлөөлөх эрсдэлтэй химийн элемэнт  илрээгүй. 2019 оны 11 дүгээр сарын байдлаар түүхий нүүрстэй холбоотой 71 удаагийн зөрчил илрүүлж, 106,5 тонн нүүрсийг битүүмжилж түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэж өгсөн” гэв.

Мөн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 180 704 тээврийн хэрэгслийг хянаж шалган 50729 тонн түүхий нүүрсийг илрүүлж холбогдох албаныханд хүргэжээ. 2019 оны 10 дугаар сараас хойш 5450 обьектод хяналт шалгалт хийж 1080 аж ахуйн нэгж байгууллагыг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлсэн байна. Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтаар 179 сая 150 мянган төгрөгийн зөрчил илрүүлж торгуулийн арга хэмжээ авчээ.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг халснаар агаар орчны чанарын үзүүлэлт сайжирсан талаар  Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр мэдээлэв. Тэрбээр, “Өмнөх жилүүдэд агаарын бохирдлын хэмжээ, бохирдуулагчийн агууламжийн хэмжээ стандартаас их байна гэдэг мэдээллийг өгдөг байсан. Энэ жилийн хувьд агаарын бохирдол бус агаарын чанар, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй байдлын талаар дүн шинжилгээ хийж мэдээлж байгаа. Өнгөрсөн хоёр өдөр агаарын чанарын индекс бага бохирдолтой гэдэг үзүүлэлттэй байлаа” гэв.

Гэр хорооллын 220 мянган айл өрхөд энэ сарын 10-ны дотор угаар мэдрэгч суурилуулахаар ажиллаж байгаа талаар мөн албаныхан мэдээллээ. Гэр хорооллын өндөрлөг цэг буюу автомашин хүрэлцэн очих боломжгүй цэгүүдэд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 28 /ЗИЛ-131/ автомашинаар өдөр бүр түгээлт хийж байгаа аж.

Холбоотой мэдээ