Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-12-26 17:22:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газар ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 30-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 

Холбоотой мэдээ