Жаргалан сум төвлөрсөн дулаан хангамжид холбогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-12-25 16:34:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр Говь-Алтай аймгийн Жаргалан сум төвлөрсөн дулаан хангамжид холбогдлоо.


Тус аймгийн “Арвин бэлт” ХХК дулааны болон хэрэглээний халуун, хүйтэн усны шугам сүлжээ, инженерийн байгууламжийг, 800 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Эн Эр Жи” ХХК 2.1 мВт-ийн хүчин чадалтай дулааны эх үүсвэрийн барилга байгууламжийг хийж гүйцэтгэснээр Жаргалан сум төвлөрсөн дулаан хангамжид холбогдлоо.

Дулааны эх үүсвэр нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн тус бүр 0,7 мВт-ийн хүчин чадалтай 80%-ийн ашигт үйлийн коэффициенттэй гурван ширхэг зуух, ялтсан бойлерын хамт суурилуулсан нь орчин үеийн дэвшилтэт техник технологи юм.

Одоогоор сумын төсвийн таван байгууллага, хоёр аж ахуйн нэгж, гурван айл өрх холбогдоод байгаа жишиг болохуйц тус ажлыг сумдад үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаагаа тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж онцлон танилцууллаа.

Тус сумын төвлөрсөн дулаан хангамжийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж болон сумын удирдлагууд, ард иргэд оролцсон юм.

Холбоотой мэдээ