Г.Гонгоржав өвөрмөц содон чулууны цуглуулгаа дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-12-24 21:08:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч Г.Гонгоржав “Чулууны хээ-3” үзэсгэлэнгээ Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлээ.

Соёл, эрдэм шинжилгээний “Сувдан сондор” хөтөлбөрийн хүрээнд, уг үзэсгэлэнг БСШУСЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж байна.

Хүн төрөлхтний агуу их туурвилуудыг бүтээсэн суутнууд байгалиас л суралцаж, түүнээс л уран бүтээлийнхээ эх ундаргыг авсан байдаг. Судлаач Г.Гонгоржав эх нутгийнхаа эрдэс чулуулгийн гайхамшгийг өөрийн өнцгөөс өнгийн харж, уран байгалийн бүтээлийн унаган төрх, өнгө аяс, айзам шивнээг нэгээхэн цэг зураасны нэмэлт хачиргүйгээр нээн дэлгэхийг зорьжээ. Мөн тэрбээр Монгол нутгийн эрдэс чулуулагт эртний тамга тэмдэг, бичиг үсэг, түүний дотор ялангуяа хас тэмдэг, уйгаржин монгол бичиг үсгийн төгс хэв гэмээр дүрсүүд хадгалдаг болохыг биет байдлаар нээн харуулсан байна.

Энэ удаад цуглуулагч өөрийн олон жилийн уйгагүй эрэлхийллийн илэрхийлэл болсон Монгол орны чулуулгийн талстын олон арван дээжсийг дэлгэн тавьжээ. Тухайлбал, дотор хэмжээ дамжаа, өнгө цогцлол, геометрийн гайхалтай зөв хэлбэр төрхөөрөө үзэгчид, ялангуяа цуглуулагчдын харааг булаах усан тунгалаг, хөх, хөх цэнхрээс нил, хар, ногоон, ягаан, шар хийгээд нэгэн дор тав хүртэлх өнгийг солонгоруулсан болор, бадмаараг, биндэрьяа, анар, гянт, аргай, хайлуур жонш, үзмэн мана, цөлийн сарнай зэрэг олон төрлийн талстын сонин содон дээжис байна.

Тэрбээр үүний өмнө “Чулууны хээ”, “Чулуу зурж байна”, “Чулуу бичиж байна”, "Өеөдсөн хусны дуулал" гэх мэт сонирхолтой үзэсгэлэн гаргаж байсан юм. 

Энэ удаагийн үзэсгэлэнгээ 2020 оны нэгдүгээр сарын 5-ныг хүртэл гаргах аж.


Холбоотой мэдээ