УИХ сонгуулийн тухай хуулиа баталж, стратеги төлөвлөгөөгөө шинэчиллээ

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-22 11:43:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ОБЕГ-т гал унтраах машин нийлүүлэх төслийн санхүүжилтийн

хэлэлцээрт гарын үсэг зурав



Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн дэд дарга Иван Анатольевич Вареница нар энэ сарын 20-нд гарын үсэг зурлаа. Нийт 15.4 сая еврогийн энэхүү зээлийн хугацаа долоон жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа хоёр жил байх юм. Зээлийн 13.1 сая еврогоор ОБЕГ-т гал унтраах 71 автомашин болон бусад шаардлагатай төхөөрөмж нийлүүлэх юм.


Одоогийн шаардлага, стандартаар Онцгой байдлын албаны аврах, гал унтраах 68 ангид есөн нэр төрлийн 501 гал унтраах автомашин байх ёстой. Гэсэн ч зургаан нэр төрлийн 240 автомашин буюу нийт шаардлагын 48 хувийг л хангаж буй юм. 


Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав



УИХ-ын чуулганы энэ сарын 20-ны хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг баталлаа.


БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд баталсан нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг 2017 оноос хэрэгжүүлэхээр тогтсон. Төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулж, үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нэг тэрбум 236 сая ам.доллар гэж тооцоолсон. Тиймээс нэмэлт 236 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай болсон. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд 2019 оны 10 дугаар сарын 9-нд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийн зээлийн хэлэлцээрийг байгуулсан юм.


Мөн чуулганаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийг батлав. “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэх төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллароос 57 сая ам.доллар болгон нэмэхээр Монгол, Унгар Улсын Засгийн газрын Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг энэ оны 11 дүгээр сарын 20-нд гарын үсэг зурсан. Унгар Улсын Засгийн газрын зээл хүүгүй бөгөөд хугацаа 17.5 жил, үүнээс үндсэн зээлийн төлбөрөөс эхний 4 жил чөлөөлнө.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Элчин сайд нарыг хүлээн авч уулзав



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын улс орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг энэ сарын 18-нд хүлээн авч уулзлаа.


Эдийн засгийн уналтыг зогсоож өсгөх чиглэлээр хүчин чармайлт гаргасны дүнд 7.3 хувийн өсөлттэй байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэсэн. Мөн 7.5 их наяд төгрөгийн өр, зээл дарсан, гадаад валютын нөөц дөрвөн тэрбум орчим ам.долларт хүрсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмсэн, төмөр зам, автозам, газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих зэрэг  бүтээн байгуулалтын томоохон ажил ид өрнөж байгааг танилцууллаа. Түүнчлэн эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, эрүүл хүнсээр өөрсдийгөө бүрэн хангаж улмаар экспортлох, дэд бүтэц, гадаад харилцаа, мэдээлэл, технологийн салбараа хөгжүүлэх бодлого, хөтөлбөр гарган ажиллаж байгааг хэлэв. Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байна гэлээ. Энэ бүхэнд Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын санаачилга, идэвх зүтгэл, оролцоо чухал болохыг Ерөнхий сайд онцлоод Элчин сайд нар улсдаа хөрөнгө оруулалт татах, эх орондоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг тухайн орныхоо зах зээлд нэвтрүүлэх зэрэг чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсэв.


Алдагдалтай ажиллаж байгаа улсын үйлдвэрийн газрын менежментийг сайжруулах, ашигт малтмалын бүтээгдэхүүн нийлүүлэх, эрчим хүчний хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө босгох, агаарын бохирдлыг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар суугаа орныхоо холбогдох байгууллага, албан тушаалтантай тохиролцсон гэдгийг нэр бүхий Элчин сайд нар хэллээ.


НДШ-ийг нэмэхгүй боллоо



УИХ-ын чуулганы энэ сарын 20-ны хуралдаанаар, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.


Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмсэн заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хороо Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийг шинэчлэн боловсруулжээ. Төсөлд, 2020 оны төсвийн жилд ХНХ-ын сайдын Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх мөнгөн хэмжээг багасгажээ. Ингэхдээ, ААН байгууллагаас төлөх шимтгэлийг 79.1 тэрбум төгрөгөөр бууруулж 791.7 тэрбум төгрөг, ажилчдаас төлөх шимтгэлийг 86.3 тэрбум төгрөгөөр бууруулж 727.6 тэрбум төгрөгөөр, сайн дурын даатгагчаас төлөх шимтгэлийг 8.8 тэрбумаар бууруулж 255 тэрбум төгрөг болгохоор тусгажээ. Үүнтэй уялдуулан ХНХ-ын сайдын төвлөрүүлэх бусад орлогын хэмжээг 174.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 248.9 тэрбум төгрөг болгохоор тооцсон байна. Хуулийн төсөлд, ажил олгогч, даатгуулагч  сар бүр хөдөлмөрийн хөлс, орлогынхоо 8.5 хувийг, 2021 оноос 9.5 хувийг тэтгэврийн санд төлөхөөр зохицуулжээ. Харин сайн дураар даатгагчийн төлөх шимтгэлийн доод хэмжээг 2019, 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 11.5 хувь, 2021 оноос 12.5 хувиас багагүй байхаар тусгасан байна.


Цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмлээ



Засгийн газрын энэ сарын 18-ны хуралдаанаар Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоов.


Харин Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болголоо. 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2400 төгрөг байхаар шийдвэрлэв. Үүнийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарчээ.


2012 оноос өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.


УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлав



УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ сарын 20-ны хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг батлав.


Монгол Улсад УИХ-ын сонгуультай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан хуулиар зохицуулж эхэлсэн бөгөөд 2005, 2011 онд шинэчлэн баталж байв. Хамгийн сүүлд 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь тусдаа, бие даасан хуулиар зохицуулж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг хамтад нь нэг хуулиар зохицуулжээ. Хуулийн дагуу УИХ-ын, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг явуулах явцад олон хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулсан бүх шатны байгууллага, сонгогч, нэр дэвшигчид, сонгуульд оролцогч нам, эвслээс илэрхийлж байжээ. Дээрх гурван төрлийн сонгууль нь тус тусын зохион байгуулалтын онцлог шинж чанартай бөгөөд тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуульд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, үүнээс үүдэн маргаан үүсэх, иргэд, сонгогчдод ойлгомжгүй байдал бий болох зэрэг цөөнгүй хүндрэлд хүргэж байсан гэж төслийн үзэл баримтлалд дурджээ. Иймээс УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж, боловсронгуй болгох шаардлагын үүднээс энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын гишүүд боловсруулжээ.


Хуулийн төсөлд сонгуулийг 50+26 гэсэн тогтолцоогоор зохион байгуулахаар тусгасан байсныг хэлэлцүүлгийн явцад 1992, 2008 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоо болгон өөрчлөв. Түүнчлэн “Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх”, “Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ” гэсэн заалт нэмлээ. Улмаар төсөлд сонгуулийн мөнгөн хандив нь иргэн гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд арван таван сая төгрөг хүртэл байж болохоор тусгасныг иргэн таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл хандив өгч болохоор өөрчлөх саналыг дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт нэмэх санал гаргасныг мөн олонх дэмжсэн юм.


Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр түдгэлзүүлнэ



Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 18-ны хуралдаанаар, ашигт малтмалын салбарт бий болсон замбараагүй байдлыг цэгцлэх үүднээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан тухай Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэв.


Засгийн газраас энэ оны наймдугаар сард ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шалгах ажлын баг байгуулсан. Ажлын багийн санал, дүгнэлтийг тус ажлын багийн ахлагч, Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулснаар дээрх шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзжээ. Монгол Улсад ашигт малтмалын 3889 тусгай зөвшөөрөл байгаагаас 2225 нь хайгуулын, 1664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Тодруулбал, 566 нь алтны, 329 нь барилгын материалын, 296 нь нүүрсний, 186 нь жоншны, 77 нь төмрийн олборлолтынх байгаа аж.  


Ажлын баг бүх лиценз эзэмшигчдийн үйл ажиллагаа эрхэлж байгаа газар дээр нь очиж шалгах бөгөөд энэ ажлыг зохион байгуулахыг УУХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайд, ХЗДХ-ийн сайд, МХЕГ, ЦЕГ-ын дарга нарт даалгасан байна. Шадар сайд Ө.Энхтүвшин, "Ажлын багаас бүх тусгай зөвшөөрлийг шалгаад, мэдээллийн нэгдсэн сан бий болгохоор тогтсон. Зөрчилтэй аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг өгөх бөгөөд тухайн хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд, тусгай зөвшөөрлийг цуцлана" хэмээв. 


Засгийн газрын хуралдаанаар, Туул голыг хамгийн их сүйтгэж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг дахиж олгохгүй байхаар хуулийн төсөл боловсруулахыг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарт үүрэг болгосныг тэрээр дурдлаа. Мөн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох ажилд орон нутгийн иргэдийн саналыг тусгадаг байх журамд хяналт тавьж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг чиглэл болгожээ.



Улаанбаатар хотын дулаан хангамжийн дэд бүтцийг шинэчилнэ



Засгийн газрын энэ сарын 18-ны ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив.


Төслийг Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх юм. 10 сая ам.долларыг шугам сүлжээг сэргээн засварлах, шинээр суурилуулах, насос, хяналтын самбар зэрэг эрчим хүч хэмнэх горимтой хий шахах станц суурилуулах, төвийн дулааны дэд станцуудыг сайжруулах, эрчим хүчний төв барих, шөнийн цагаар үйлдвэрлэсэн эсвэл дулааны болон цахилгаан станцуудын илүүдэл дулааныг хадгалж дулаан түгээлтийн үр ашгийг нэмэх аккумуляторууд суурилуулах зэрэгт зарцуулна.


Зээлийн хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа гурван жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1 хувь байх юм. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 1.5 сая ам.долларын санхүүжилт бүхий техникийн туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ