М.Уранцэцэг “Visa team”-ын тамирчин болсныг албан ёсоор зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-19 14:07:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын төрлийн спортын тамирчдад зориулсан олон улсын “Team Visa” хөтөлбөрт ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг хамрагдав.

Цахим төлбөр тооцооны тэргүүлэгч, олимп, паралимпын наадмын албан ёсны ивээн тэтгэгч Виза (Visa) болон банк санхүүгийн үйлчилгээгээр тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банк хамтран түүнийг “Токио-2020” олимпод оролцоход  нь дэмжин ажиллахаар болов. Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч М.Уранцэцэг “Visa team”-д хамрагдсан Монголын анхны тамирчин болж байна.“Visa team”-д тамирчдыг сонгох өндөр шалгууртай. Тухайн тамирчны амжилт, хөдөлмөрч зан чанар, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл, шударга занг чухалчилдаг байна.



Сүүлийн 30 жилийн хугацаанд 40 орны 500 орчим тамирчин уг хөтөлбөрт хамрагдсан аж. Энэ үеэр Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон: “М.Уранцэцэгийг энэхүү дэлхийн нэр хүндтэй хөтөлбөрт манай банктай хамтран ажиллаж Монгол Улсаас анх удаа багтсанд бид баяртай байна. 2020 оны Токиогийн олимпод оролцох тамирчдаа бид сэтгэл зүрхнээсээ дэмжиж байна” гэв.


Гавьяат тамирчин М.Уранцэцэг: “Visa team”-д орсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Олон улсад танигдсан, нэр хүндтэй байгууллага Виза болон Монгол Улсдаа тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банктайгаа хамтран ажиллаж “Токио-2020” олимпод оролцох болсноор тамирчин миний хувьд олимпоос анхны медалиа хүртэхийн төлөө бэлтгэлдээ илүү анхаарах боломж олгож байгаад баяртай байна” хэмээлээ.

Холбоотой мэдээ