МОНГОЛ УЛС 2019 ОНД

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2019-12-20 15:02:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Монгол Улсад 2019 онд болсон онцлох  үйл явдлуудыг нэрлэж байна.


1. “Хү” хамтлаг Монголын нэрийг дэлхийд дуурьсгаж байна



Монгол үндэстний язгуур соёлыг орчин үеийн урлагтай чадварлаг холбож буюу морин хуур, цуур, хэл хуур, товшуур зэргийг метал хөгжимтэй хослуулан, хөөмийн аялгуугаар сүлж "Хүннү рок" хэмээх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж буй “Хү” хамтлаг энэ жил дэлхий дахинаа Монголын нэрийг дуурьсгасан жил байлаа.


Тус хамтлагийн "Yuve Yuve", "Wolf totem" хоёр дууг нь 2018 оны намар ганцхан сарын дотор YouTube хуудаснаа 25 сая орчим хүн үзсэн бол энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд “Wolf totem” дуу нь Billboard-ын "Hard rock" дууны ангилалд тэргүүлсэн анхны монгол хөгжим болсон. Түүнчлэн энэ оны есдүгээр сард нээсэн "Гэрэг" цомог нь хагас сарын дотор борлуулалтаараа Billboard-ын жагсаалтыг тэргүүлээд байгаа юм. 


Эдгээр амжилтыг үнэлэн Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр буюу 11 дүгээр сарын 27-нд  Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Төрийн дээд шагнал-тэргүүлэх зэргийн одон "Чингис хаан" одонг анх удаа байгууллага хамт олонд буюу “Хү”  хамтлагт хүртээв.


Саяхан АНУ-д аялан тоглолт хийсэн тус хамтлагийнхан 2020 оны эхнээс Европ болон Скандинавын орнуудын үзэгчдэд тоглолтоо толилуулах юм.


2. Монгол Улс, АНУ-ын харилцаа стратегийн түншлэлд хүрэв



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд БНХАУ, АНУ, Киргиз, БНЭУ, ОХУ зэрэг улсад төрийн болон албан ёсны айлчлал хийж, бүс нутгийн болон дэлхийн тэргүүлэгч орнуудын удирдагчидтай уулзав.


Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар дөрөвдүгээр сарын 24-25-нд БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлээ хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр талууд санал нэгдэв. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцож, “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх, уг төслийг хэрэгжүүлэх байгууллагыг Улаанбаатар хотноо байгуулах саналаа дахин танилцуулав.


АНУ-д долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 3-нд айлчлахдаа Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж, АНУ болон Монгол Улсын харилцаа стратегийн түншлэлийн статус руу шилжсэнийг зарлав.


Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдах Энэтхэг Улсад есдүгээр сарын 19-23-нд хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын нефтийн дотоодын хэрэглээний 70 гаруй хувийг хангах "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр" төсөлд нэмж 236 сая ам.долларын санхүүжилт олгохоо Энэтхэгийн Засгийн газар  мэдэгдсэн юм. 


Киргизийн Бишкек хотноо зургаадугаар сарын 14-нд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нартай уулзаж, гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцов. ОХУ-ын Владивосток хотноо есдүгээр сарын 4-6 нд болсон Дорны эдийн засгийн чуулганд оролцохдоо тэрбээр бас ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, БНЭУ-ын Ерөнхий сайд Нариндра Моди нартай уулзаж, талуудын цаашдын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлсэн юм.


3. Байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах саналыг ОХУ дэмжив



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад 10 дугаар сарын 10-12-нд, ОХУ-д 12 дугаар сарын 3-6-нд тус тус айлчлав.


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 12 дугаар сарын 3-6-нд ОХУ-д хийсэн Төрийн айлчлалын үр дүнд Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд хоёр хөршийг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах саналыг ОХУ бүрэн дэмжиж энэ талаарх хамтарсан судалгааг эхлүүллээ. 


Ерөнхий сайдын БНКазУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд, Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай протокол болон Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр, Боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээр зэрэг долоон баримт бичигт гарын үсэг зурсан юм.


4. Халх голын ялалтын 80 жилийн ой ба В.Путины айлчлал



Халх голд Монгол, Зөвлөлтийн дайчдын байгуулсан ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад 9 дүгээр сарын 3-нд албан ёсоор айлчиллаа. Айлчлалаар Монгол, Оросын харилцаа шинэ түвшинд гарч Иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн юм. 


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал болон хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнд талууд 10 баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь “Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ” байв. 


Айлчлалаар хоёр тал Монгол, Оросын харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлаар үр дүнтэй хэлэлцээ хийж, харилцааны суурь зарчмуудыг тусгасан 1993 оны гэрээгээ шинэчлэн “Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ” болгон хугацаагүй байгуулснаар манай хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарсан гэдгийг зарласан юм.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх боломж байгаа гэж үзэж байгаагаа тэмдэглэж Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.  


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцож, ойг угтаж Халхгол сумын шинэ төвийг барих төслийг ОХУ-ын “Роснефть” компанийн 8 сая еврогийн хандиваар хэрэгжүүлэн орчин үеийн тохилог суурин бий болж, хязгаар нутгийн оршин суугчдын амьдрал ахуйд үр өгөөжөө өгч буйг дуулгасан билээ.  


5. Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц, хурдны зам ашиглалтад орлоо



Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбосон 27 км төмөр зам, 17 км хүнд даацын авто зам, 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам энэ онд ашиглалтад орж, үйлдвэрийн талбай руу техник, тоног төхөөрөмж, бараа материал тээвэрлэж барилгын ажлыг эхлүүлэх боломжтой болов. 


БНЭУ-ын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлээр барьж буй энэхүү үйлдвэр 2024 онд ашиглалтад орж жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулна. Ингэснээр дотоодын шатахууны хэрэгцээг 70-80 хувь хангах юм. 


Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд барьж буй олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хоттой холбосон 32.2 км хурдны авто зам энэ оны 7 дугаар сард ашиглалтад орлоо. Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий чиглэлийн асфальтбетон хучилттай, 31 м өргөн, 2 урсгал, 6 эгнээ зорчих хэсэгтэй тус зам нийт 6 гүүр, 21 нүхэн гарц, 28 дугуй хоолойтой. Монголын анхны хурдны замыг БНХАУ-ын Засгийн газрын 140,3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 3 жилийн хугацаанд барьсан бөгөөд зорчих хэсгийг 2020 оны хавар шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохтой зэрэгцэн нээхээр төлөвлөж байна.


6. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав



УИХ-ын чуулганы энэ оны 11 дүгээр сарын 14-ны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлав. 


Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 19 зүйл, 36 заалтыг хөндсөн төслийг УИХ-ын нэр бүхий 62 гишүүний энэ оны зургаадугаар сард өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ 36 удаа 105.9 цаг хэлэлцэн, баталсан байна. Нэмэлт, өөрчлөлт үндсэн дөрвөн асуудалд чиглэжээ. Нэн тэргүүнд байгалийн баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэсэн Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг дэлгэрүүлэв. Ингэхдээ баялгийг ашигласнаас төрд ногдох орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж түүнийг арвижуулах, улмаар үр өгөөжийг нь иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчмыг баталгаажуулав. Улмаар УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, УИХ хугацаанаасаа өмнө тарах, асуудлыг олонхын зарчмаар шийдвэрлэх асуудлыг нарийвчлан тусгалаа.


Мөн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, танхимаа өөрөө бүрдүүлдэг байх боломжийг бүрдүүлснээс гадна Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөдөг байх зохицуулалт тусгалаа. Түүнчлэн Ерөнхий сайдад хариуцлага тооцох зохицуулалтыг нарийвчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгодог байхаар заав.


Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх үүднээс ШЕЗ-ийн гишүүдийг томилох асуудлыг нарийвчлан тусгаснаас гадна шүүгчдийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Шүүхийн сахилгын хороо байгуулах заалт тусгалаа.


Нутгийн удирдлагыг бэхжүүлэх хүрээнд 21 аймгийн төвийг хотын статустай болгох эрх зүйн үндсийг бэхжүүлж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй байхаар заав.


Ирэх оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас мөрдөх энэхүү нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 11 дүгээр сарын 26-нд ёсчлон баталгаажуулав.


7. Монгол хэлний дурсгал Төрийн ордонд, Хүннүгийн мөнгөн луунууд дэлхийд




Одоогоор олдоод буй монгол хэлний хамгийн эртний дурсгал буюу 1400 жилийн тэртээх Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд заллаа.


Энэ нь үүнээс өмнө хамгийн эртнийхэд тооцогдож байсан “Чингисийн чулуу”-ны бичгээс 600 орчим жилийн өмнөх үед хамаарах юм. Дээрх бичээсийг БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Д.Цэнд ахлагчтай анги 1967 онд Булган аймгийн Могод сумын нутаг, Хүйс толгой хэмээх газраас олсон бөгөөд 2014 онд ХБНГУ-ын Д.Мауэ нарын дөрвөн улсын эрдэмтэд брахми үсгээр монгол хэлний авиаг тэмдэглэснийг тогтоосон юм. 


АНУ-ын Археологийн институтийн эрхэлдэг “Archeology” сэтгүүлийн зарласан 2019 оны “Дэлхийн шилдэг 10 археологийн олдвор”–ын нэгээр Монгол Улсын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод-2”-ын Хүннүгийн язгууртны булшнаас олдсон Хүннүгийн мөнгөн луунууд нэрлэгдэв. 


Энэхүү уран гоё хийцтэй хос мөнгөн луу нь Монгол Улсаас төдийгүй, Ази тивээс олдсон лууны бүтэн дүрс бүхий анхны олдвор бөгөөд Хүннүгийн язгууртны оршуулгын зан үйл, оюуны болон эдийн соёлын эх сурвалж болох үнэ цэнтэй олдворт тооцогдож байна. 


8. Эмэгтэй сагсан бөмбөгчид анх  удаа олимпын эрх авав



Монголын багийн спортын түүхэнд анх удаа буюу Олимпын эрхийг авсан түүхэн амжилтыг Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид гаргав.


Монголын 3х3 төрлийн сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг амжилтын чансаагаараа "Токио-2020" олимпын эрхийн болзлыг хангалаа. 


9. Монгол-Япон сургалтын эмнэлэг иргэдэд үйлчилж эхэллээ



Монгол Улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн Монгол-Япон сургалтын эмнэлгийн амбулатори 2019 оны 10 дугаар сарын 1-нээс үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэллээ.


Орчин үеийн шинжлэх ухааны ололтод тулгуурласан, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий тус эмнэлгийг Япон Улсын буцалтгүй тусламж, ЖАЙKA олон улсын байгууллагын төслийн хүрээнд барьж байгуулсан юм.  


Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан 16 мянган шоо метр талбай бүхий дээрх эмнэлэгт нийтдээ 17 чиглэлийн 1042 нэр төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг Монгол Улсын хүн амд үзүүлэх юм.


10. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ахиц гаргав



Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 62-р тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглож, харин сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлсэн нь агаарын бохирдлыг бууруулах шийдвэртэй алхам болов. 


Нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг байсан нь агаарын бохирдлын 80 хувийн эх үүсвэр болж байв. 2018 оны 12 дугаар сард агаарын чанарын индекс дунджаар 300 орчим байсан бол одоо энэ үзүүлэлт хамгийн ихдээ 200 зааж байна.


11. Монгол айраг дэлхийн өв болов



Бүгд Найрамдах Колумби улсын Богота хотноо 12 дугаар сарын 11-ний өдөр болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын хурлаар монгол үндэстний идээ ундааны төрөл “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэлээ. 


Айраг исгэх өвөрмөц зан үйлээ соёлын биет бус өвд бүртгүүлэхээр төрийн болон төрийн бус байгууллагууд сүүлийн таван жил идэвхтэй ажилласны үр дүнд ийнхүү жуулчдын Монгол Улсад ирэх нэг шалтгаан болдог монгол уламжлал дэлхийн өв болов.


“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв юм. Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцод нэгдэн орсноос хойш 2008-2019 онд нийт 14 өв бүртгүүлээд байсан юм. 

Холбоотой мэдээ