Оюу толгойн үйлдвэрийн босоо амыг ашиглалтад оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-12-14 14:03:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын нэн чухал амжилт Үйлдвэрийн амыг барьж дууссаныг энэ сарын 13-нд тэмдэглэлээ.


Дэлхийд хэмжээгээрээ тэргүүлэх, орчин үеийн гүний уурхайн ам болох тус Үйлдвэрийн амын барилгын ажил амжилттай дууссантай холбогдуулан хийсэн ёслолд үндэсний компаниуд, уурхайчид болон албаны бусад зочид төлөөлөгчид оролцов.

 

“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батсүх ёслолын үеэр хэлсэн үгэндээ, гүний уурхайн энэхүү Үйлдвэрийн амыг амжилттай барьж дуусгахад манай улсын төр, засгийн газрын байгууллагуудын дэмжлэг чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр “Энэхүү томоохон бүтээн байгуулалт нь манай орны уул уурхайн салбар, технологийн хөгжил, дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулж байна” гэв.

"Үйлдвэрийн амын уулын нэвтрэлтээс эхлээд газрын гүнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг байрлуулах, барилгын нүсэр бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад нийт гурван жил дөрвөн сарын хугацаа зарцууллаа. Оюу толгойн гүний уурхайг бүрэн цогцлоох гол алхам болох ийм чухал хийгээд нарийн дэд бүтцийг барьж дуусгахад үндэсний 50 орчим компанийн 2.500 хүн 2.6 сая цаг аюул ослоос ангид ажиллалаа” гэдгийг “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес онцлов.

1.284 метрийн гүн бүхий үйлдвэрийн үндсэн амаар хүн болон ачаа тээвэрлэж, мөн хүдрийн чулуулгийг газрын гадарга руу гаргах юм. Үйлдвэрийн амын бүтээгдэхүүн тээвэрлэх өргүүр нь дэлхийд томдоо орох “Коепе” /үрэлтийн хүчний өргүүр/ ган татлагат өргүүрийн системтэй. Уг өргүүрийн 60 тонны даацтай ачаа тээвэрлэх хоёр хөнөг 59 км/цаг буюу хамгийн дээд хурдаараа өдөрт 28.000 тонн хүдэр тээвэрлэх хүчин чадалтай. Үйлчилгээний амны хөнөг нэг удаадаа 60 хүн тээвэрлэх хүчин чадалтай бол Үйлдвэрийн амаар нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой юм. Үйлдвэрийн амын өргүүрийн ган татлага суурилуулах ажилд 500 орчим хүн оролцож, 23 хоногийг зарцуулсан нь энэ төрлийн ажлуудаас дэлхийд хамгийн өндөр бүтээмжтэй, аюулгүй хийсэн угсралтын ажил болсон байна.

Туршилт тохируулгын ажил амжилттай дуусаж, холбогдох зөвшөөрлүүдийг авснаар Үйлдвэрийн ам бүрэн ашиглалтад орох юм. Ингэснээр илүү олон хүн, материал, тоног төхөөрөмжийг гүний уурхай руу тээвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэнэ. Мөн илүү их хэмжээний чулуулгийг гүний уурхайгаас гаргаж, хүдрийн биетэд нэвтрэх боломжийг ахиулах зэрэг гүний уурхайн төсөлд Үйлдвэрлэлийн амны гүйцэтгэх үүрэг чухал аж.

 Одоогийн байдлаар гүний уурхайн нэг ээлжинд 700 хүн ажиллах боломжтой юм.


Ташрамд дурдахад, “Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.



 


Холбоотой мэдээ