ЕСБХБ-ны Захирлуудын зөвлөл Монголд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-09-22 13:07:13

ЛОНДОН. /Ebrd/. Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны /ЕСБХБ/ хувьцаа эзэмшигчдийн төлөөлөгчдөөс бүрдэх Захирлуудын зөвлөл энэ сарын 21-25-нд Монгол Улсад айлчилж, тус улсын эрх баригчид, хотын албаны хүмүүс, дипломат болон ажил хэргийн хүрээний хийгээд иргэний нийгмийн төлөөлөгчидтэй уулзана.

Төлөөлөгчид ЕСБХБ-ны үйлчлүүлэгч, тухайлбал, “Сэнж Сант” цементийн үйлдвэр, “IMC” эмнэлэг, ноолууран эдлэлийн “Говь” үйлдвэр, зайрмагны “TESO” үйлдвэр, “Газар шим” лаазалсан ногоо үйлдвэрлэгч болон санхүүгийн салбараас “Хаан”, “Хас” банк болон “Транскапитал” бичил санхүүгийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзах ажээ.

Тэд мөн Өмнөговь аймгийн нутагт орших “Оюутолгой” ордоор зочлох ажээ. Уг ордын далд уурхайн бүтээн байгуулалтад ЕСБХБ болон Олон улсын санхүүгийн корпораци тэргүүтэй банкны синдикатын санхүүжилтийг авч магадгүй юм.

Пауль Влаандрен /Нидерланд, Монгол, Македон, Арменийг хариуцсан захирал/, Энтони Бартзокас /Грек, Португалийг хариуцсан захирал/,  Хайнц Кауфман /Швейцарь, Украин, Лихтенштейн, Туркменистан, Серби, Монтенегро, Молдавыг хариуцсан захирал/, Йоханнес Коскинен /Финланд, Норвеги, Латвийг хариуцсан захирал/, Энрике Бал /Испани, Мексикийг хариуцсан орлогч захирал/, Гюстав Гоклений /Францыг хариуцсан орлогч захирал/, Мишель Грилли /Европын Хөрөнгө оруулалтын банкийг хариуцсан орлогч захирал/, Макото Хонда /Японыг хариуцсан орлогч захирал/, Абель Матеус /Грек, Португалийг хариуцсан орлогч захирал/, Луен Тран /АНУ-ыг хариуцсан орлогч захирал/ зэрэг улс хариуцсан захирлууд энэ удаагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байна.

Үүний зэрэгцээ Төв Ази болон Туркийг хариуцсан гүйцэтгэх захирал Наталья Ханженкова тэргүүтэй ЕСБХБ-ны ажилтнуудын төлөөлөгчид айлчлалд хамрагдана.

64 Засгийн газар болон Засгийн газар хоорондын хоёр байгууллага болох ЕХ, Европын Хөрөнгө оруулалтын банк ЕСБХБ-ийг эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчид ЕСБХБ-ны Захирлуудын зөвлөлд багтдаг бөгөөд уг зөвлөл банкны үйл ажиллагаа, стратегийг хянадаг байна. ЕСБХБ-аар үйлчлүүлэгч орнуудын стратеги, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг хэлэлцэх зорилгоор зөвлөлийн төлөөлөгчид улс орнуудаар байнга айлчилдаг.

ЕСБХБ хамгийн сүүлд 2013 оны зургадугаар сард Монголын талаар баримтлах эдийн засгийн стратегиа баталсан байна. Эдийн засгийн тогтвортой өсөлт, төрөлжүүлэлт, уул уурхай болон байгууллагуудын хүлээх хариуцлага, дэд бүтэц болон хувийн хэвшлийг хөгжүүлэх үндсэн зорилтоо энэ стратегид тусгадаг.

ЕСБХБ нь Монголын хамгийн том санхүүгийн хөрөнгө оруулагч бөгөөд одоогийн байдлаар 1.1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Тус банк хувийн хэвшлийн компаниуд болон банкуудад голчлон хөрөнгө оруулжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд