Экспортоо дэмжих "Монголын нэг өдөр" урлагийн тоглолт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-12 11:43:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаа сурталчлах “Монголын нэг өдөр” үйл ажиллагааг АПУ ХК энэ сарын 6-нд ОХУ-ын Казань хотноо амжилттай зохион байгууллаа. Үндэсний соёл урлаг, орчин үеийн хөгжил дэвшлээс оросуудад танилцуулах зорилготой тус өдөрлөгт морин хуурын эгшиг, уртын дуу, хөөмий зэрэг үндэсний язгуур соёлоос гадна сонгодог урлаг, рок попын төлөөлөл, залуу уран бүтээлчид оролцож эх орноо сурталчлав.

Хөөмийтэй хослох морин хуурын содон аялгуут тоглолтоор эхэлж дэлхийн дуурийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт, гоцлол дуучин Э.Анхбаяр, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран нар  Б.Шаравын “Аав ээж хоёр минь” дууг толилуулж, рок попын төлөөлөл “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, жазз дуучин Наагий нар Монголын орчин цагийн урлагийн хөгжлийг зочдод харуулсан байна.


“Монголын нэг өдөр”-ийн танхимд үндэсний гэр сууцаа барьж, үндэсний хувцас загварыг ч үзүүлжээ. Мөн дэлхийд алдартай ОХУ-ын уран барималч, Монгол Улсын Төрийн шагналт Даши Намдаковын тал нутгийн анчин, дайчдыг дүрсэлсэн “Жанжин”, “Бай”, “Шонхор шувуутай цэрэг эр” хэмээх гурван уран баримлыг залсан байна.


Монгол Улсаа сурталчлах өдөрлөгт ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан улсын Ерөнхий сайдын орлогч Василь Шайхразиев, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар хотын орлогч захирагч О.Мөнгөншагай, АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга П.Батсайхан, ОХУ-ын “Татспиртпром” компанийн ерөнхий захирал Ирек Миннахметов, нэрт уран барималч Даши Намдаков болон  албаны төлөөлөгчид оролцсон аж.

Казань хот бол Чингис хааны ач хүү Бат хааны Алтан ордны улс, Казанийн ханлиг, Хаант Орос зэрэг өрнө дорнын их хаад, эзэнт гүрнүүдийн түүхийг агуулсан дурсгалтай. Тус хотынхон энэ онд Алтан ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэж байна. Өдөрлөгийг 12 дугаар сарын 6-ны өдрөөр товлосон нь Их Монгол Улс байгуулагдсан 1206 оныг бэлгэдсэн утгатай аж. Казаньд Алтан ордны улсын ойг тэмдэглэхтэй зэрэгцэн Монголын бизнес, урлаг соёлынхон тус хотод “Монголын нэг өдөр”-ийг зохион байгуулсан нь сайхан давхцал гэж зочид төлөөлөгчид онцолсон байна.

Соёлын өдөрлөгийн үеэр АПУ ХК болон “Татспиртпром” компанийн хооронд худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр “Татспиртпром” компани АПУ ХК-ийн “Чингис Хаан” брэнд бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд албан ёсны онцгой эрхтэйгээр худалдана. Харин АПУ ХК нь хойд хөршид хамгийн өндөр борлуулалтайд тооцогддог “Тундра” брэндийн бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэрт үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхээр болжээ.


Холбоотой мэдээ