Замын тэмдэг, тэмдэглэгээ хулгайд алдагдах, эвдэрч сүйдэх явдал гарсаар байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-12-09 22:26:07

Увс /МОНЦАМЭ/. “Увс- АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани нь Улаангом-Ховд, Улаангом-Хандгайт, Улаангом-Цагааннуур, Улаангом-Наранбулаг-Сонгино чиглэлийн олон улсын болон улсын чанартай 683 км авто замыг хариуцаж ажилладаг байна. Тус компанийн хамт олон өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Улаангом-Наранбулаг-Сонгино чиглэлийн авто замын цасыг зориулалтын машинаар цэвэрлэжээ.

“Энэ намар Увс аймаг Улаанбаатар хоттой засмал замаар бүрэн холбогдож тээвэрчид, ард иргэд хот хооронд зорчиход амар хялбар боллоо. Зам дагаж хөгжил ирдэг болохоор аймаг орон нутаг маань хөгжиж цэцэглэх байх аа. Гэхдээ зарим ухамсаргүй иргэдийн буруугаас болж замын тэмдэг, тэмдэглэгээ хулгайд алдагдах, эвдэрч сүйдэх явдал гарсаар байна. Уг нь бол хүн бүр энэ замд санаа тавих хэрэгтэй. Жолооч, иргэд нартаа хандаад хэлэхэд замын тэмдэг, тэмдэглэгээ хулгайлж байгаа, эвдэж сүйтгэж байгаа хүнтэй таарвал манайд болон аймгийн Цагдаагийн газарт яаралтай хандана уу гэж уриалмаар байна” хэмээн “Увс-АЗЗА” компанийн захирал Ц.Цэдэнбал хэллээ.

Замын тэмдгийг буузны жигнүүр хийх зориулалтаар малчид хулгайлж авдаг гэсэн дам яриа байдаг аж.

 

Холбоотой мэдээ