Ардчилсан хувьсгалыг ялалтад хүргэх гол хүч нь оюутнууд байсан...

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-07 22:09:55

Ховд /МОНЦАМЭ/. “XII сарын 07” оюутны ардчилсан цуглаан сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.

Оюутны ардчилсан цуглааны 30 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ, ЗДТГ, Ховд их сургууль хамтран энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаараа онцлогтой.

Тус эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй илтгэл хэлэлцлээ. Энэ үеэр оюутны ардчилсан цуглааны эхлэл, өрнөл, тухайн үеийн онцлох үйл явдал, Ховд их сургуулийн оюутнуудын үүрэг оролцоо, түүх бичлэг дэх үнэлгээ дүгнэлт, эсэргүүцлийн хөдөлгөөний судалгаа зэргийг танилцуулах замаар олон нийтэд ардчилсан хувьсгалын үнэ цэн, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлснээрээ давуу талтай аж.

Тэртээ 1989 оны 12 дугаар сарын 7-нд Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн хэсэг багш, оюутан Ард аюушийн талбайд улс төрийн цуглаан хийж, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан өргөх бичгийг аймгийн намын хорооны бүгд хурлын үеэр Улаанбаатарт хүргүүлэхээр гардуулж байжээ.

Энэхүү цуглааныг Ховд их сургуулийн МХУЗ-ын III дамжааны оюутан, оюутны зөвлөлийн дарга С.Эрдэнэцогт, Ц.Мөнхтөр, Н.Батболд тэргүүтэй оюутнууд зохион байгуулсан ба тус цуглаанд 400 орчим хүн оролцсоны 320 гаруй нь оюутан байсан аж. Энэ нь Монголд Улсад болсон улс төрийн анхны цуглаан бөгөөд ардчилсан хувьсгалыг ялалтад хүргэх гол хүч нь оюутнууд байсан төдийгүй “Ардчилсан хувьсгал Ховдоос эхэлсэн” гэж албаныхан онцоллоо. 

Холбоотой мэдээ