Өнгөрсөн сард 900 гаруй иргэн бүртгүүлснээс 35 иргэн л ажилд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 14:43:39

2016 оны нэгдүгээр улирлын статистик мэдээллээс харахад аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил идэвхтэй хайгч ажилгүй иргэдийн тоо 2335 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1192 хүнээр өссөн байна.

Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1231 буюу 52.7 хувь нь 16-34 насны залуучууд байгаа бөгөөд дээд боловсролтой хүмүүс дийлэнх хувийг эзэлж байгаа талаар Хөдөлмөрийн хэлтсийн ажил зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн хэллээ. Зөвхөн гуравдугаар сард гэхэд л ажилгүй 911 иргэн шинээр бүртгүүлсэн бол ажилгүй иргэдээс 35 иргэн л ажилд зуучлагдан орсон байна. Тэдний 11.4 хувь нь төрийн болон төсөвт байгууллагад, 60.0 хувь нь нөхөрлөл, компанид, 28.6 хувь нь бусад газарт ажилд оржээ.

Одоогоор Хөдөлмөрийн хэлтэст 13 аж ахуйн нэгжийн 20 орчим ажлын байрны захиалга байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд ажлын байрны захиалга харьцангуй бага, ажил хайгч иргэд өссөн байгаа нь эдийн засгийн хямралаас шалтгаалж байна гэдгийг Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд онцолж ирэх сараас нийтийг хамарсан ажлуудыг зохион байгуулах зорилготой байгаагаа хэллээ. Үүнд ажил идэвхтэй хайгч иргэдийг хамруулах гэнэ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ