“Гэр бүл-Гэрэлт ирээдүй” тайлант өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-11-30 15:25:11

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дарханчууд 2019 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд 3 бүлэг 46 үйл ажиллагааг төлөвлөн ажилласан байна. Жилийн хугацаанд хийсэн ажлаа иргэддээ тайлагнаж хамтдаа үр дүнгээ ярилцан тайлант өдөрлөг зохион явуулж идэвх санаачилгатай оролцсон шилдэг байгууллага, гэр бүл, хамтран ажилласан байгуулагууддаа талархал хадгалуулсан юм.

Тодруулбал Дэлхийн зөн олон улсын байгууллагын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл, “Гүүд нейборс” олон улсын ТББ-ын Мангирт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд  хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр хандаж зорилтот бүлгийн өрх, хүүхэд бүрт хүрч ажилласанд аймаг орон нутгийн удирдлагууд талархсанаа илэрхийллээ.

Дарханчууд гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийнхээ хүрээнд эцэг эхийн зөвлөл байгуулан, ургийн бичиг хөтөлж, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх сургалтуудыг үе шаттай явуулсны үр дүнд 2019 онд гэр бүл цуцлалт 12 хувиар буурч, хүүхэд хамгааллын тухай хуулиуд шинээр батлагдаж, хүүхдийн эрх ашгийг хөндсөн асуудлуудыг 97 хувиар эерэгээр шийдвэрлэж, хараа хяналтгүй хүүхдийн тоо 8,6 дахин буурч, эвлэрүүлэн зуучлалд хандсан гэр бүлүүдийн 30 хувь нь эвлэрсэн үзүүлэлттэй гарсан байна.

Улс орон оршин тогтох гол үндэс суурь нь гэр бүлийн үнэ цэн, иргэний төлөвшил байдаг. Тэгвэл Дарханчууд энэхүү үнэ цэнийг улам бат бэх болгох үүднээс 2019 онд бүтээлч 46 үйл ажиллагааг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэдтэйгээ хамтран бодит ажил болгож чадлаа гэж орон нутгийн удирдлагууд дүгнэв

“Гэр бүл гэрэлт ирээдүй” тайлант өдөрлөгийн үеэр Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Сэтгэлийн өнгө сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч, гэр бүлийн сэтгэл засалч, доктор Г.Наранбаатар нар Гэр бүлийн үнэ цэнийн талаар лекц уншлаа. 

104 мянган хүн амтай Дархан хотын иргэд 2019 онд төр хувийн хэвшлийн 161 байгууллага энэхүү жилийн хүрээнд эцэг эхийн зөвлөлийг байгуулжээ. Эцэг эхийн зөвлөлүүд “Хүүхэд саатуулах өрөө”, “Хөгжлийн төв”, “Хүүхдийн өрөө”, Зорчигчдын ая тухтай зорчих боломжийг нээсэн Хүүхдийн өрөө”, Дархан ус суваг ХК ажилтнуудынхаа хүүхдүүдээс бүрдсэн “Ундраа” чуулга, Орхон сумын 8-р сургуулийн дотуур байранд “Хүүхдийн хичээл давтах тусгай өрөө”, Тохь цогцолбор Асрамж халамжийн газрын хүүхдүүдийг тоглоомын төвдөө улирал бүр үнэ төлбөргүй тоглуулдаг болсон байна. 

Мөн 0-18 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд нэг өдрийн цалинтай чөлөөг 40 байгууллага олгодог болсон гээд нэлээдгүй ажлыг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн байна. Энэхүү ажлын хүрээнд үр бүтээл, санал санаачилгатай ажилласан Нийгмийн даатгалын хэлтэс, Тохь комплекс, Дархан-Ус суваг компани, Залуучууд театрын эцэг эхийн зөвлөлийг шагнаж урамшууллаа. Мөн хойч үедээ үлгэр дуурайл болсон шилдэг 8 гэр бүлийг шалгаруулан алдаршуулсан юм.

 

Холбоотой мэдээ