Г.Цэрэндулам: Сургууль, сурагч, багшийн хөгжлийг гол чиглэлээ болгон ажилладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-01 14:23:36

Увс /МОНЦАМЭ/. Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит, Алтан гадас одонт, Увс аймгийн Ерөнхий боловсролын Улсын тэргүүний лаборатори 1 дүгээр цогцолбор сургуулийн захирал Гомбосүрэнгийн Цэрэндуламтай ярилцлаа. 


-Юуны өмнө сургуулийнхаа талаар танилцуулна уу?

-Манай сургууль нь 1926 онд байгуулагдсан бөгөөд 90 гаруй жилийн түүхтэй Увс аймгийн ууган сургууль юм. Энэ хичээлийн жилд 79 бүлгийн 2792 сурагч, 119 багш, 52 ажилтан, ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид “Сургууль хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд сургууль, сурагч, багшийн хөгжил гэсэн гурван гол чиглэлийг барьж ажилласнаар 2016-2019 оны хичээлийн жилд амжилт бүтээлээр арвин байлаа.

2016 онд сургуулийнхаа түүхт 90 жилийн ойгоор “Улсын тэргүүний сургууль” хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртсэн бол 2017 онд Увс аймгийн төрийн үйлчилгээний байгууллагуудаас анх удаа төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнуулсандаа манай хамт олон бахархаж явдаг. Үүнээс гадна 2016, 2017 онд “Аймгийн шилдэг Төрийн үйлчилгээний байгууллага”, 2018 онд “Багшийн хөгжлийг дэмжигч сургууль”, “Стандарт-2018” цомын эзнээр тус тус шалгарсан. Тэрчлэн, 2017, 2018 онд аймгийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” 2, 3 дугаар зэрэг, “Эрүүл ажлын байрыг дэмжигч” 1-р зэрэг тус тус хүртсэн бол 2018 оны ажлаараа улсын хэмжээний үндэсний лаборатори 41 сургуулиас хоёрдугаар байр эзэлсэн. Энэ бүх амжилт нь сургуулийн удирдлага, багш, сурагчид, хамтран ажилладаг эцэг эхчүүдийн маань хичээл зүтгэлийн үр дүн юм.

-Танай сургуулийн багш, сурагчид улс, аймгийн олимпиад, уралдаанд тогтмол амжилт гаргадаг. Энэхүү амжилтуудаасаа дурдвал?

-2016-2019 оны хичээлийн жилд багш, сурагчид маань улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваанаас 112 алт, 114 мөнгө, 123 хүрэл нийтдээ 349 медаль хүртсэн. Мөн улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанаас 8 алт, 11 мөнгө, 10 хүрэл медаль хүртэж бахдам сайхан амжилт гаргасан. Улсын олимпиадад аймаг, сургуулийнхаа нэрийг дуурсгаж яваа багш нараа нэрлэвэл монгол хэлний М.Мягмаржав, орос хэлний Л.Чимгээ, химийн П.Амгалан, физикийн Д.Даваадорж, мэдээлэл зүйн Ц.Цэдэвсүрэн, зураг дизайны Б.Мэндсайхан, технологийн С.Ганболд, математикийн Н.Батгэрэл, Я.Лхагвагэрэл, анхан шатны сургалтын Б.Батцэнгэл гэх мэт олон бүтээлч багш нар байна. Мөн анги нийтийн монгол хэл, бичиг, “Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч” улсын уралдаан, олимпиадад монгол хэлний багш С.Болормаа, С.Баасанхүү, У.Дүншиг, Г.Нарангэрэл нарын анги хамт олон алт, мөнгө, хүрэл медаль, тусгай байр хүртсэн.

Сурагчид сонирхсон чиглэлээрээ хөгжих боломжийг бүрдүүлснээр 44 төрлийн сонгон, дугуйланд нийтдээ 703 сурагч хичээллэж байна. Үүний үр дүнд жил бүр зохион байгуулдаг аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас” уралдаанд 500 гаруй сурагч оролцож 14 жил дараалан багаараа тэргүүллээ.

Хичээлийн хуваарьт шатар, даамын цагийг тусгаж өгснөөр сурагчдын чадвар жилээс жилд ахиж, Ази тив, дэлхийн аварга шалгаруулах уралдаан, тэмцээнд амжилт үзүүлж байна.

Увсын хүүхдүүд, багш нарын ирээдүй өөдрөг өнгөлөг, амжилт бүтээл арвин байх нь хамт олны минь хичээнгүй хөдөлмөрч ажил үйлстэй салшгүй холбоотой. 

-Сургалтын орчныг сайжруулах чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?

-2016-2019 оны хичээлийн жилд яам, аймгийн орон нутгийн хөгжлийн сан, үе үеийн төгсөгчдийн хандив тусламжаар нийтдээ 841,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тухайлбал, 2016 онд 453,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хичээлийн 1, 2-р байрны сантехникийн засвар, дотуур байрны сурагчид халуун усанд орох орчин, 2017 онд 104 сая төгрөгөөр бүх анги танхимыг проектор, телевизор, компьютер, канон, принтер зэрэг сургалтын хэрэгслээр хангасан. Үүнээс онцлох ажил гэвэл аймгийн Засаг даргын нөөцөөс 9,8 сая төгрөгийн санхүүжилт гаргаж Увс аймагт анх удаа спорт авиралтын хана байгуулж спортын шинэ төрлөөр сурагчид хичээллэх боломжийг бүрдүүллээ. Уг авиралтын ханыг сургуулийнхаа биеийн тамирын зааланд байгуулахад уулын спортын мастер багш Б.Пүрэвсүрэн санаачилгатай ажиллаж, дугуйланг хичээллүүлснээр улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс шавь нар нь алт, хүрэл медаль хүртсэн.

Дараагийн нэг томоохон хөрөнгө оруулалт бол яамнаас сургуулийн гал тогоонд цахилгаан тоног төхөөрөмж нийлүүлсэн. Стандарт хангасан, зориулалтын цайны газартай болж “Үдийн цай хөтөлбөр”-ийн хүрээнд бага ангийн сурагчдад долоо хоногийн хоёр өдөр үдийн хоол өгч байгаа нь давуу тал болсон. 2020 оноос эхлэн долоо хоногийн таван өдөр бага ангийн сурагчдад үдийн хоол өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Аймгийн ИТХ, ЗДТГ болон төсөл хөтөлбөрөөр сургуулийн орчинд замын гарц, гэрлэн дохио, 20 машины зогсоол зэргийг хийсэн нь багш, ажиллагсад, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид аюулгүй зорчих, хүүхэд гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бууруулсан. 

Сургуулийн захирлын хувьд багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан ажиллагсад, суралцагчдынхаа сурах, сургах сургалтын таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажилладаг. Энэ хүрээнд сургалтын 46 анги танхим, зураг зүй, технологийн дөрвөн кабинет, уншлагын хоёр номын сан, урлаг, спортын заалууд, шатар даамын танхим, багш ажилчдын хөгжлийн төвийг тус бүр тохижуулж, орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн орчин нөхцөлийг бүрдүүлж, сургалтын техник хэрэгслээр хангаж өгсөн. Ингэснээр бид мэдээллийн  эрин  зуунтай  хөл нийлүүлэн  алхах бүрэн боломжтой боллоо.

Бага, дунд ангийн эцэг эхийн зөвлөл, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид хамтран Багшийн хөгжлийн төвийг тохижуулахад 12 сая төгрөг хандивласан. Сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид цаг ямагт бид бүхний ажлыг дэмжиж, хамтран ажиллаж байдагт сургуулийнхаа хамт олны зүгээс талархал илэрхийлье.

Энэчлэн 2018 онд 248,2 сая төгрөг, 2019 онд 36,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт манай сургуульд хийсэн байна.

-Танай сургуулиас зохион байгуулдаг онцлох ажил юу байна?

-Багш нарын маань 30 гаруй хувь нь улсын хэмжээний “Үндэсний сургагч багш”-аар бэлтгэгдсэнээр сургууль, аймаг, бүсийн хэмжээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, туршлагаа солилцох, түгээн дэлгэрүүлэх ажлыг тасралтгүй явуулж байна. Энэ хичээлийн жилд сургуулийн удирдлага, багш нар Зүүнговь, Хяргас, Малчин, Сагил, Тариалан сумын багш нартай хамтран ажиллалаа. Лаборатори сургууль учраас үндэсний, бүсийн, аймгийн чанартай зөвлөгөөн, сургалтуудыг дандаа манай сургуулийг түшиглэж явуулдаг.

Жил бүр 9, 12-р ангийн төгсөгчдийн боловсролын гэрчилгээ, үнэмлэх гардуулах үйл ажиллагааг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн нь төгсөгчид, эцэг эхийн талархлыг хүлээсэн томоохон ажил болж байгаа.

Олон ястны ёс заншил, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилгоор бага ангийн 1300 гаруй сурагч баяд, дөрвөд, халх, хотон бий биелгээнээс суралцаж, чадварын тайлангаа ард иргэдэд тавьж хэвшлээ.

Сургууль дээр Гоо даль эко клуб, Өсвөрийн сэргийлэгч, Өсвөрийн улаан загалмай, Скаут, Охидын зөвлөл зэрэг хүүхдийн өөрөө удирдах байгууллага санаачилгатай ажиллаж хүүхдийг хүүхдээр нь хөгжүүлэх, төлөвшүүлэхэд ач холбогдлоо өгч байна. Тухайлбал, “Гоо даль” эко клубийн үйл ажиллагаа тогтмолжсоноор манай сургууль “Эко сургууль”-ийн болзол хангаж, “Хүрэл гэрэгэ” хүртсэн. Тус клубийн удирдагч багш, сурагчид маань ОХУ-ын Абакан, Кызыл хотын туршлагаас суралцаад ирсэн. 

Хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд зөвхөн сургууль, багш төдийгүй, эцэг эх, асран хамгаалагч нарын оролцоо хамгаас чухал байдаг. Иймээс 2017 оноос эхлэн “Хүүхэд-багш-эцэг эх” гэсэн гуравласан гэрээг анх удаа байгуулж ажилласан маань аймагтаа төдийгүй, улсад сайн туршлага болж, энэ хичээлийн жилээс эхлэн БСШУС-ын Сайдын тушаалаар улсын хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хамруулан “Эцэг эх- сургууль- хүүхэд” гэсэн гуравласан гэрээг байгуулан ажиллаж байна.

Багш, ажилтан ажиллагсдад эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, хамт олны багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, авьяас, чадварыг нь нээн хөгжүүлэх зорилгоор “Урлагийн бага наадам”, “Спортын бага наадам”-ыг жил бүр зохион байгуулдаг. Энэ хүрээнд явуулсан “Бидний аялгуу” багш нарын урлагийн тоглолт нь сурагчид болон эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн үйл ажиллагаа болсон.

Бид сурагчдынхаа хөгжил, төлөвшилд илүү анхаарч эцэг эхчүүдтэйгээ байнга хамтран ажиллаж, “Хүүхдийн хөгжил, төлөвшилд эцэг эхийн оролцоо” хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулдаг. Энэхүү хэлэлцүүлгээр “Сургууль-гэр-нийгмийн орчин”-д хүүхдийн хөгжил, төлөвшилд тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж, цаашид шийдвэрлэх саналыг боловсруулан үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.

-Багш, ажилчдынхаа  нийгмийн асуудалд хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Сүүлийн гурван жилийн хугацаанд 100 гаруй багш, ажилчдыг гадаад, дотоодод аялуулж, рашаан сувилалд амраасан нь тэдний ажиллах эрч хүч, урам зориг, идэвх санаачилгыг дэмжсэн таатай үйл ажиллагаа болсон. Бас аймгийн боловсролын салбарт сайн туршлага болж байгаа. Мөн үйлчилгээний ажилчид ажлын байрандаа тав тухтай ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс нормын хувцас, орон нутгийн үйлдвэрийн цагаан ултай гутлаар хангасан. Түүнчлэн өрх толгойлсон багш, ажилчиддаа түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлдэг.

-Сүүлчийн мөчийг танд үлдээе?

-Бүтээлч, хөдөлмөрч, эвсэг хамт олон маань үргэлж Увс аймгийнхаа эрдэм мэдлэгийн түүчээ, манлайлагч нь болж явдагт талархаж байна. Мөн түм буман шавь нар минь эх орныхоо ирээдүйн сайн сайхны хөтөч байх болтугай.

-Танд баярлалаа.   

 

 

Холбоотой мэдээ