Япон хэлээр зохион бичих анхдугаар уралдааны шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-29 16:30:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Японыг сонирхохын учир юу вэ” сэдэвт япон хэлээр зохион бичих анхдугаар уралдааны шилдгүүд өнөөдөр шагналаа гардлаа.

Уг уралдааныг Монгол-Япон улс соёлын харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Монгорү Цүүшин” сониноос зохион байгуулсан юм. Уралдаанд япон хэлний сургалттай Ерөнхий боловсролын 11 сургуулийн 10-12 дугаар ангийн 30 гаруй сурагч оролцжээ. Улсын хэмжээнд япон хэлний сургалттай нийт 13 сургууль байдаг аж.


Шагнал гардуулах ёслолыг нээж МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд хэлэхдээ, “Уншигч, харилцагчдынхаа хүрээллийг тэлэх, байнгын эргэх холбоо бий болгох зорилгоор МОНЦАМЭ агентлагаас 7 хоног тутам эрхлэн гаргадаг англи, орос, хятад, япон хэлээрх сонины нэрэмжит уралдааныг холбогдох ЭСЯ-д, соёл хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж эхлээд байна. 2019 он гарсаар хятад хэлээрх “Мөнгү Шяоши Бао” сонин, орос хэлээрх “Новости Монголии” сонины нэрэмжит эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан. Монгол Улсад япон хэлээр гардаг цорын ганц тогтмол хэвлэл “Монгорү Цүүшин” сонины нэрэмжит эсээ бичлэгийн анхдугаар уралдаанд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Төв, Хөвсгөл аймгийн сурагчид идэвхтэй оролцлоо. Цаашид манай уралдааны цар хүрээ улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Бидний ажлыг дэмжсэн Монгол Улсад суугаа Япон улсын ЭСЯ, Монгол-Японы Найрамдлын нийгэмлэг, Монголын “КЭНДАМА” холбооны хамт олонд талархал илэрхийлье” гэв.


Уралдааны тэргүүн байрыг Шинэ Монгол Коосэн сургуулийн ахлах хоёрдугаар ангийн сурагч Д.Тэргэл, дэд байрыг Төв аймгийн Зуунмод хотын “Хүмүүн” цогцолбор ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Бат-Ариунаа, гутгаар байрыг Наран дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Ананд нар эзэлжээ. Харин тусгай байрт Хөвсгөл аймгийн Жаргалан сумын ЕБС-ийн сурагч Х.Бямбажаргал шалгарсан байна. Шалгарсан сурагчдыг мөнгөн урамшуулал болон уралдааныг дэмжигч байгууллагуудын бэлэг дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.



Уралдаанд байр эзэлсэн сурагчдын сэтгэгдлийг хүргэе.

Төв аймгийн Зуунмод хотын “Хүмүүн” цогцолбор ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Бат-Ариунаа: Япон хэлийг 3 дахь жилдээ сурч байна. Энэхүү зохион бичлэгтээ Японы ард түмний тууштай, хичээнгүй зан чанарыг харуулахыг эрмэлзсэн. Япончууд бие биедээ итгэл найдвар хайрлахыг их эрхэмлэдэг хүмүүс гэдгийг Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтийн дараах үеийн жишээгээр тайлбарласан. Мөн 2017 онд Япон оронд долоо хоног аялахдаа ард түмнийг нь гайхан биширснээ мөн тэмдэглэлдээ дурдсан.


Наран дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Ананд: Энэхүү уралдаанд амжилттай оролцсондоо их баяртай байна. Уралдааныг зохион байгуулсан МОНЦАМЭ агентлаг, “Монгорү Цүүшин” сонины хамт олон талархал илэрхийлье. Зохион бичлэгтээ гурван зүйлийг харуулахыг зорьсон. Нэгдүгээрт, япон хүний сайхан сэтгэл, хоёрдугаарт Япон улсын эдийн засгийн хөгжил, гуравдугаарт анимэ. Чөлөөт цагаараа би анимэ үздэг. Ингэхдээ анимэд гарч байгаа газар очиж үзэхийг мөрөөддөг талаараа бичсэн.


Шүүгчээр Япон улсын ЭСЯ-ны Соёл боловсрол хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Кано Шиори, Монгол-Япон төвийн сургагч багш Мицүмото Томоя, Монгени цогцолбор сургуулийн япон хэлний багш Наканиши Рэйко болон “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулагч Л.Саруултөгс нар ажилласан байна.

“Монгору Цүүшин” сонины редакц энэхүү уралдааныг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.

 





Холбоотой мэдээ