Э.Мөнх-Эрдэнэ: Ирэх жил иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд голлон анхаарна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-12-03 16:09:55

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэтэй цаг үеийн ажил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе?

-Баярлалаа. Хан Хэнтий нутгийнхаа зон олонд өвлийн тэргүүн сарын мэндийг хүргэе.

-Хоёулаа ярилцлагаа цаг үеийнхээ ажлаас эхэлье? Энэ жилийн тендерийн ажлууд зарлагдаад дууссан уу? Өнгөрсөн хавар эхлүүлсэн ажлууд ямар шатандаа явж байна вэ?

-Хэнтий аймагт энэ жил улсын төсвийн 50,3 тэрбум төгрөг батлагдсан. Дээрээс нь орон нутгийн төсөв, ОНХС гээд нэмэгдэнэ. ОНХС, Замын сан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 76 төсөл, арга хэмжээний 2,8 тэрбум төгрөгийг эрэмбэлж, аймгийн төвд сонгон шалгаруулалтыг нь зарласан. Нийт аймгийн хэмжээнд Орон нутгийн хөгжлийн сангийн 5,1 тэрбум төгрөг батлагдсан. Улсын төсөвт батлуулсан 50,3 тэрбум төгрөгийн ажлаас 34 ажлыг нь эрх шилжүүлж аваад тендерийг Орон нутгийн өмчийн газар худалдан авах ажиллагааг зохион явуулаад дуусч байна. Эрх шилжүүлсэн Цэнхэрмандал сумын Согоот багийн ажил удахгүй эхэлнэ. Батширээт суман дахь спорт заалны барилгын ажил хараахан эхлээгүй байна. Гүйцэтгэгч компанид нь албан мэдэгдэл шат дараатайгаар өгсөн. Ер нь аймгийн хэмжээнд 2019 онд гадаадын төсөл хөтөлбөр болон гадаадын зээл тусламжаа тооцвол улсын төсөвтэй нийлээд нийт хөрөнгө оруулалт 130 гаруй тэрбум төгрөгт хүрсэн. Манай хэлтсийн хувьд Худалдан авах ажиллагааны газар, ГХБХБГ, захиалагчийн хяналт тавьдаг Барилгын хөгжлийн төвтэй уялдаатай ажиллаж, аймгийн ажлыг шуурхай явуулах тал дээр анхаардаг.

-130 гаруй тэрбум төгрөгийн ажил хийж байгаа гэлээ. Томоохноос нь нэрлэвэл?

-Аймгийн Засаг дарга Н.Ганбямбын ажил авах үеэс эхлэн зорьж байсан томоохон ажлууд эхлэлээ тавихад бэлэн болоод байна. Зарим нь ч эхэллээ. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хэнтий аймгийн төв цэвэрлэх байгууламж барих тендерт “Комфорт Импекс” ХХК шалгарч 8,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажил эхэлсэн. Ирэх жил ашиглалтад оруулахаар зорьж байна. Мөн Арабын нэгдсэн улсаас санхүүжигдэж байгаа нисэх онгоцны буудлын ажил 8,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй батлагдсан. Үүнээс нисэх онгоцны буудлын барилгын ажил 3,5 тэрбум төгрөг, нисэх буух талбай нь 5,2 тэрбум төгрөгийн өртөгтэй. Энэ ажлын тендер 11 дүгээр сарын 18-нд нээж гэрээгээ ондоо багтааж байгуулаад, ирэх хавар эрт эхлэхээр төлөвлөгдсөн. Мөн БНСУ-ын Экспорт импорт банкны санхүүжилтээр Дулааны станц барина. 

Манай аймаг нэн тэргүүнд хоёрдугаар хэлхээний шугам сүлжээгээ өргөтгөх санал хүсэлтээ тавьж, 2019 онд 700 гаруй сая төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн, 2020 онд нэг тэрбум төгрөгийн саналаа УИХ-д тавиад хамгийн эхний ээлжид яваа аймгийн нэг болж байна. Арван аймгийн Дулааны станц барих нийт өртөг нь 148 сая доллар. Энэ ажлын төслийн нэгж болох Эрчим хүчний яаман дээр тендер нь зарлагдаад явж байгаа. Тэгэхээр ирэх хавар мөн Дулааны станцын ажлаа эхлүүлнэ. Хэнтий аймаг Дулааны станцтай болсноор иргэдийн ая тух сайжрахаас гадна хамгийн багадаа 60 ажилчин, ихдээ  80-90 шинэ ажлын байр бий болно.

-Аймгийн төвөөс гадна сумдад бүтээн байгуулалтууд өрнөж байна. Саяхан Өмнөдэлгэр сумаар ороод гарахад төвдөө засмал замтай болчихсон, томоохон барилгууд барьж байгаа харагдана?

-Тийм ээ. Сум бүрт 2-4 томоохон бүтээн байгуулалт өрнөж байна. Өнгөрсөн жилээс шилжин хийж байгаа болон энэ жил эхэлсэн нийтдээ 40 гаруй ажлуудыг хийж байна. Үүнээс дурдвал, БОАЖЯ, Хэнтий аймгийн Засаг даргын санаачилгаар барьж эхэлсэн “Андлалын өргөө”, “Их Хуралдай цогцолбор”-ын ажлууд дуусах шатандаа орсон. Ирэх хавар нээлтийг нь хийнэ. Дээрээс нь Шихихутаг цогцолборыг энэ жил эхлэхээр төлөвлөсөн байгаа. Таны хэлдэг Өмнөдэлгэр суманд энэ жил хоёр км авто зам тавьсан. Дээрээс нь БХБЯ-наас эрх нь шилжиж ирсэн нэг тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй нэгдсэн инженерийн шугам сүлжээний ажил, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тендер нь зарлагдсан Соёлын төвийг буулгаж, барих ажил үргэлжилж байна. Харин тус суманд шинэ цэцэрлэгийн барилга удаашралтай байгаа. Тухайн компанийг барилгаа энэ ондоо ашиглалтад оруулахгүй бол Сангийн яамны хар жагсаалтад оруулаад хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн.

Түүнчлэн Дадал, Галшар сумын ЗДТГ-ын барилгын ажилд энэ жилийн ажлын гүйцэтгэлүүдээ хийгээд явж байна. Дархан, Цэнхэрмандал сумын ЗДТГ-ын барилгын ажил энэ ондоо багтаж дуусна. Баян-Овоо сумын инженерийн шугам сүлжээний ажил, Баянхутаг сумын спорт заалны барилгын ажил дууссан. Аймгийн төвд ХХҮГ-ын барилгын ажил удахгүй дуусах гэж байна. Цагдаагийн газрын барилга ашиглалтад орлоо. Гэх мэтчилэн сум бүрт бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа.

Хэнтий аймгийн төв, Чингис хотод ямар ямар онцлогтой бүтээн байгуулалт өрнөж байгаа вэ?

-Аймгийн төвийн замын ажил иргэдийн дунд нэлээд хүлээлт үүсгэсэн ажил байсан. 2019 оны төсвийг хэлэлцэх үед аймгийн төвийн авто замын ажлыг санал болгож тавиад батлагдсан. Энэ жил 10 тэрбум төгрөгийн тендерийн ажлыг Орон нутгийн өмчийн газар зарлаж, "Тэгштплант" ХХК 8,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр  6,4 км авто зам, 3,8 км явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай, зарим томоохон газруудаар унадаг дугуйн замтайгаа иж бүрнээр нь гүйцэтгэхээр ажлаа эхлүүлсэн. Нийт ажлынхаа 80 хувийг гүйцэтгээд явж байна. Сэрүү орсон ч гэсэн бид явган хүний зам, гэрэлтүүлгээ үргэлжлүүл гэдэг шаардлагыг тавиад тухайн компани 14 хоног ажилласан. Гэрээний хугацаа ирэх оны долдугаар сард дуусна. Авто замын ажлыг гүйцэтгэгч "Тэгштплант" ХХК энэ жил дөрвөн тэрбум төгрөг аваад 80 хувийн ажил гүйцэтгэсэн гэдгээрээ боломжийн сайн үнэлэгдэж байгаа. Аль болох дуусгахыг хичээсэн боловч яалт ч үгүй амжсангүй. Тэгэхдээ гэрээт хугацаандаа ажлаа явуулж байгаа гэдгийг ард иргэд маань зөвөөр ойлгох байх аа гэж найдаж байна.

Хоёрдугаарт, Хан Хэнтий чуулгын барилга дээр энэ жил Ерөнхий сайдыг хавар ирж үүрэг өгснөөс хойш ажлын хэсгийг гурван удаа ажиллуулсан. Тухайлбал, хавар, зун Монгол Улсын Ерөнхий сайд Хэнтий аймагт амласан ажлаа эхлүүлэхэд, гүйцэтгэх, шалгах явцад тус тус ажиллуулсан. Эцэст нь саяхан мэргэжлийн архитекторууд, Барилга хөгжлийн төв, Барилга, хот байгуулалтын яамныхныг ирүүлж байгаад хамтдаа уулзаж, эцсийн хурлын шийдвэр гаргаад зураг төслийг нь шуурхайлуулж байна.

Аймгийн төвд ажил нь хийж байгаа хоёрдугаар хэлхээний шугам сүлжээний ажил буюу Эрчим хүчний яаман дээр зарлагдсан дулааны шугамыг солих ажил дууссан. Өнгөрсөн жил эхэлсэн 4000 метр цэвэр усны шугамыг солих ажлын үргэлжлэл хэсгийг нь хийгээд дуусчихлаа. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон зарим ажлыг орон нутгийн төсөвт суулгаж, шугам сүлжээг шинэчлэх, тавдугаар багийн БАМ-ын айлын шугам сүлжээг шинэчлэх, нэгдүгээр багтаа аялал жуулчлалын цогцолбор барих ажлыг эхлүүлж, хашаажуулах ажлыг хийлээ. Ирэх жил тэнд цогцолбор барина. Мөн цаашлаад хуучирч муудсан, удсан барилгуудыг шинэчлэх ажлууд дэс дараатай үргэлжилж байна. Дөрөвдүгээр багийн инженерийн шугам сүлжээний ажлыг энэ жил эхлүүлсэн, ирэх жил дуусгах төлөвлөгөөтэй улсын төсөвт үлдэгдэл санхүүжилтийг суулгасан.

-Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ирэх оны төсөв хэлэлцэж батлахад өмнөх онд тендер зарлачихаж болох боломжийн талаар яригдсан. Энэ талаар?

-Энэ их чухал асуудал. Юу вэ гэхээр зарим ажил удааширч, хавар зарлах ёстой ажлууд зун нь зарлагддаг. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт зураг төсөв гараагүйгээс батлагдсан хөрөнгөө зарцуулах эрхгүй болдог. Зураг удааширснаас болж ажил удааширдаг. Тиймээс бид Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой амласан есөн ажлын зураг төсвийг хавар тавдугаар сард болсон аймгийн ИТХ-аар батлуулж, зураг төсвийг нь хийлгэсэн. Нэгдүгээр сургууль, Гуравдугаар цэцэрлэг болон Сангийн аж ахуйн шинэ цэцэрлэг, УЦУОША, БОАЖГ-ын барилга, Музейн барилга, Сүрьеэгийн эмнэлэг гэх мэт есөн ажил бий. Ерөнхий сайдын амласан ажлуудаас Жаргалтхааны сургууль, Өлзийт тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгын зургийг тухайн захиалагч сумууд нь өөрсдөө хийлгээд бэлэн болчихсон. Тэгэхээр зурагтай ажлууд тендер нь шууд зарлагддаг саатахгүй явна. Таны асуусан урьдчилсан тендер гэдэг зүйл бол энэ жил хуульд нэмэгдэж ороод Сангийн яамнаас шинээр журам батлагдсан. Хууль зүйн яам дээр хянагдаад эрх зүйн сандаа орчих юм бол үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ одоо улсын төсвийн маань хоёрдугаар хэлэлцүүлэг дуусчихлаа. Төсөв батлагдлаа бол тендер зарлах эрх нь нээгдчихдэг юм.  Тэгэхээр нэгдүгээрт, улсын төсөв батлагдахаас өмнө энэхүү журмынхаа дагуу зураг төсөв нь байх юм бол тендерээ зарлаад шалгаруулалтаа хийж болно. Гэрээгээ байгуулахгүй хүлээж байна. Энэ тохиолдолд урьдчилсан тендер зарлах ажиллагааныхаа төсөл арга хэмжээг Засгийн газрын хуралдаанаар оруулаад жагсаалтаа баталчихсан байх ёстой. Улсын төсөв батлагдмагц нь тухайн ажлынхаа гэрээг байгуулаад санхүүжилтийг нь өгөөд явах боломжтой юм. Энэхүү журам саяхан батлагдсан учраас ирэх жилээс хэрэгжих боломжтой. Ингэснээр ажил түргэн шуурхай явах боломжтой болно.

-Хэрлэн сумын гуравдугаар багт барьж байгаа цэцэрлэг саатчихлаа. "Хөвсгөл геологи" ХХК энэ оны шинэ хичээлийн жилээр хүлээлгэж өгөх ёстой байсан шүү дээ? Энэ ажил яагаад удааширсан бэ?

-Тухайн барилгын ажлын тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зарлаад БСШУСЯ-тай гэрээ байгуулсан байдаг юм. Захиалагчийн хяналтыг Барилга хөгжлийн төв гээд Улаанбаатар хотоос тавьдаг. Манай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар давхар хяналтаа тавьж байгаа. Барилга дээр аймгийн удирдлагууд ч  хэд хэдэн удаа очиж, үүрэг шаардлагууд өгсөн. Гэрээ ёсоор бол есдүгээр сарын нэгэнд хүлээлгэж өгөх байсан. Нэг сарын хугацаатай сунгагдаад аравдугаар сард дуусах ёстой байлаа. Гэтэл өнөөдрийг хүртэл битүүлж дуусаагүй байна. Энэхүү компанийн болон Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн барилгын асуудлыг аймгийн даргаас холбогдох яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт барилгын ажлыг шуурхайлуулах, шаардлагатай тохиолдолд компанийг солих талаар албан бичиг хүргүүлсэн. Хүйтний эрч чангарч барилгын цутгалт хийх боломжгүй болсон тул мэргэжлийн байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоож байна.

- Энэ зогссон барилгууд хэзээ ашиглалтад орох вэ?

-Ер нь сэрүү орж байгаатай уялдаад ашиглалтад орох дүр зураг харагдахгүй байна. Бид цаг тухайд нь шаардлагуудаа хүргүүлсэн. Яам болгон дээр тодорхой арга хэмжээ авах байх. Бид нар ч шуурхай арга хэмжээ аваасай гэж хүсэж байгаа. Хан Хэнтий чуулгын барилгын ажил энэ жилдээ дуусахгүй. Ирэх хавар хүчитгэх, сайжруулах шаардлагатай ажлууд бий. Хоёр компанийн хоорондоо ойлголцоогүй асуудлууд, дээрээс нь бид хамгийн сүүлийн ажлын хэсгийн хурлаараа хүчитгэх шаардлагатай "Хөвсгөл геологи" ХХК-аас буруутай ажлуудаа тухайн компани нь хийх, "Макс майнд" буюу одоо гүйцэтгэж байгаа компанийн ажлууд удаашралтай байгааг тухайн компани нь хариуцлагаа үүрч хийх шаардлагыг тавиад байна. Хан Хэнтий чуулгын барилга өнөөдрийн байдлаар халаалтаа аваад дулаан, цахилгааны зарим ажлыг, дотор заслын ажлуудаа дуусгаад зоорийн давхраа шавардаад замаск, эмульс нь эхлээд явж байна. Энэ өвөл халаалтаа авсан учраас дотор ажлаа өвөлжин явуулаарай гэж бид шахаж, шаардаж байгаа. Долоо хоног болгон манай хэлтсээс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас, мөн Хан Хэнтий чуулгын удирдлага давхар хяналтаа тавьж байна.

- Өнгөрч байгаа гурван жилийн хугацаанд хэчнээн тооны барилга байгууламж баригдсан бэ?

- Яг нарийн тоог нь гаргаж байна. 2017-2019 онд Хэнтий аймагт 260 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт оржээ. Зөвхөн шинээр баригдсан томоохон ажлуудаас дурдвал цэцэрлэгийн барилга 11, сургуулийн барилга гурав, дотуур байр зургаа, эмнэлэг дөрөв, албан конторын барилга 13, түүхэн аялал жуулчлалын томоохон дөрвөн цогцолбор барьж эхлэн захаасаа сүндэрлэж байна.

-Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс аймгийнхаа хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Хөгжил гэдэг бол хүнээ хөгжүүлэх, айл өрх, албан байгууллага, тухайн улс орон амьжиргаагаа дээшлүүлж, эдийн засгаа сайжруулахаар хэмжигддэг. Хэнтий аймаг ногоон хөгжлийн бодлогын баримт бичгээ боловсруулсан анхны аймаг. Тухайн бодлогын баримт бичигт нийгэм-соёл, эдийн засаг, байгаль орчноо онцгойлон үзэж, түшиглэн хөгжих зорилт тавьсан. Хэнтий аймгийн ДНБ 2012 онд 206 тэрбум төгрөг байсан бол хоёр дахин нэмэгдэж 425 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ажилгүйдлийн түвшин 2013 онд 17,5 хувьтай байсан бол 2018 оны жилийн эцсийн байдлаар 11,3 хувьд хүрч буурчээ. Нөгөөтэйгүүр  бизнес эрхлэгчдийн ашиг орлого нэмэгдвэл төсвийн орлого нэмэгддэг. Түүнийгээ дагаад төсөв нэмэгддэг. Хэнтий аймгийн төсөв энэ онд анх удаа 60 тэрбум төгрөг давсан. Иргэдийн хадгаламж 90 тэрбумд хүрлээ. Хүн ам 77.000 мянгад, мал таван саяд хүрлээ.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх үүднээс Хэнтий аймагт “Хоршоог хөгжүүлэх” дэд хөтөлбөр, “Хэнтийд үйлдвэрлэв” дэд хөтөлбөр, Түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн хөгжил Засгийн газрын хэмжээнд яригдаж буйтай холбогдуулаад “Чингис хаан брэнд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хэд хэдэн томоохон ажлыг үр дүнтэй зохион байгуулж, Хэнтий аймгийн маань бизнес эрхлэгчдийн тоо, ашиг орлого нь нэмэгдэж байна. Жишээлбэл, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор жилдээ 5-6 эвент үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүнд аймаг өөрсдөө төсөвтөө сав баглаа боодлын тоног төхөөрөмжийг оруулж байна. Мөн нэхий элдэх тоног төхөөрөмжөөр бизнес эрхлэгчдийгээ дэмжиж байна. Төсөл хөтөлбөрүүдэд хамрагдсанаар Жерес төслөөс ногоо савлах тоног төхөөрөмжийг ногоочдын бүлгүүдэд олгуулсан. Бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, иргэдийнхээ ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс түрээсийн төлбөргүй, ашиглалтынх нь зардлыг даагаад МСҮТ дээр бизнес эрхлэгчдийг байршуулан ажиллуулж байна.

Хэнтийн бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах зорилгоор брэнд дэлгүүрийг авто буудалдаа ажиллуулж байгаа. Ажлын байрыг нэмэгдүүлэх нь Засаг даргын үйл ажиллагааны гол чиглэл болж байна. Байгаль орчин уул уурхайн чиглэлээр бичил уурхайчдын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх зорилгоор тодорхой газруудыг тусгай хэрэгцээнд авч, сумдад нь үүрэг чиглэл өгч, сумдын Засаг дарга нар нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж, бичил уурхайн жоншны нөхөрлөлүүд ажлын байр шинээр бий болгож байна. Хариуцлагатай уул уурхайг дэмжиж байгаа гэсэн үг. Мэдээж зөрчил дутагдалтай тохиолдолд засаж залруулна, сайжруулна. Нөгөөтэйгүүр Хэнтий аймаг газар нутгийнхаа 40,03 хувийг тусгай хамгаалалтад авсан. Энэ бол бусад аймагтай харьцуулахад ч нэлээд том тоо. Аймгийн Засаг дарга ч мөрийн хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлсэн. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу бид нарын өдөр тутмын үйл ажиллагаа чиглэгддэг.

Дээрээс нь иргэдийн тав тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулж, бүтээн байгуулалтыг өрнүүлэн зам талбай, барилга байшин гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна. Бид өнгөрсөн жил, өмнөх жилүүдэд “Манай гудамж-Гэрэлтэй гудамж” хөтөлбөрийн хүрээнд цамхагт гэрэлтүүлгийг 15 газар байршуулсан бол ирэх жил ч мөн улсын төсөвт 400 орчим сая төгрөгийн өртөгтэйгөөр гэрэлтүүлгийн ажлыг эхлүүлэх гэж байна. Цаашлаад хямд үнэтэй орон сууцаар хангах асуудал төлөвлөж байна. Метр.квадратыг нь нэг саяас доош үнэтэй орон сууцаар хангах зорилгоор Шинэ Өндөрхаан хороололд 48 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Дахин шинэ орон сууц эхлүүлсэн. Хувийн хэвшлүүдийн шинэ орон сууцад дэд бүтцийг нь татахад дэмжлэг үзүүлж байгаа. Дахин төлөвлөлтийн 174 айлын орон сууцны ажилд энэ жил 650 сая төгрөгөөр шугам сүлжээ татаж, гэрэлтүүлэг болон холбоожилтынх нь ажлыг хийлээ. Ирэх хавар гэхэд дахин төлөвлөлт хийсэн газартаа орон сууц бариулахаар компаниудтай хэлэлцээр хийгээд явж байна. Хавар эртхэн зургаан блок эхлүүлэхээр төлөвлөсөн.

- Ирэх оны дүр зураг ямархуу ажиглагдаж байгаа бол?

-Ирэх жил иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдээ үр дүнтэй хэрэгжүүлэх ажлуудыг гол анхаарч байна. Ялангуяа цэвэрлэх байгууламжийнхаа ажлыг дуусгана. Дулааны станцын ажлаа эхлүүлнэ. Нисэх онгоцны буудлын ажлыг эхлүүлснээр жуулчдыг татах арга хэмжээ авна. Дээрээс нь улсын төсөвт 194 төсөл, арга хэмжээн дээр 144,3 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр УИХ-д өргөн барьсан. Тоо буураагүй. Үүнд УИХ-ын гишүүдээс гадна аймгийн удирдлагууд, аймгийн Засаг дарга Сангийн яам, холбогдох яамд руу тухайн төсөл арга хэмжээнүүдээ үндэслэлтэй тайлбарлаж, зураг төсвөө танилцуулж байгаа. Сангийн яамнаас авсан мэдээллээр энэ 2020 онд санхүүжигдэх ёстой Бор-Өндөр - Даланжаргалан дахь 45 км замын 44 тэрбум төгрөгийн ажлаас багахан хасагдсан сураг байна. Бусад ажлууд бол хасагдахгүйгээр орно. Тэгэхээр 144 гаруй тэрбум төгрөгийн 194 ажил өргөн барьснаас 130 гаруй тэрбум төгрөгийн ажил хийх нь ээ гэж ойлгож болно. Үүнд шинээр барих 30 гаруй томоохон барилга байгууламж, гүүр, шугам сүлжээний ажил бий.

- Чингис хот өвөлд бэлэн үү?

-Үүн дээр бид маш сайн анхаарч байгаа. Бэрх-Уул компанитай хоёр удаагийн уулзалт хийсэн. Энэ жилийн хувьд нийтдээ 183 мянган м.куб хөрс хуулж байгаа. Хэнтий аймгийн хувьд жилдээ 50 гаруй мянган тонн нүүрсийг хэрэглэдэг. Тэр хэмжээний хөрсийг хуулсан гэж уурхайн удирдлагууд мэдэгдсэн. Нийтдээ Хэнтий аймгийн төвд 16 уурын зуух үйл ажиллагаа явуулдгаас ес нь Хэнтий-Ус компанийнх. Уурын зуухны удирдлагуудтай уулзаж, өнгөрсөн жилийн цагаан сарынх шиг зохион байгуулалт алдаж болохгүй гэдгийг хатуу анхааруулж, үүрэг даалгавар өгсөн. 

Ирэх долоо хоногоос Багануураас мөн сайн чанарын нүүрс нөөцдөө авч бэлтгэхээр бидэнд мэдэгдсэн. Тэгснээрээ шинэ жил цагаан сараар сайн чанарын чандганы нүүрстэй хольж түлэх учраас иргэд маань эргэлзэх хэрэггүй гэж бодож байна. Хэнтий аймгийн компаниуд, уурын зуухнууд болон иргэд маань Бэрх уул компанийг пүү буюу нүүрсээ жигнэдэг жин тавьдаггүй гэж гомдоллож ирсэн. Бид үүнийг шийдээрэй гэсэн чиглэлийг уурхайн захиралд өгсөн. Тэд ирэх онд шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн.  Энэ жилийн хувьд уурхайн захирал нүүрсний үнээ нэмье гэдэг санал өгсөн. Одоо нэг тонн нь 25000 төгрөгийн үнэтэй байгаа. Бид нүүрсний үнийг нэмэхгүй, энэ бол манай уурын зуухны компаниудад дарамт болно. Дээрээс нь иргэдийн халаалтын төлбөр нэмэгдэж болзошгүй гэж үзээд нүүрсний үнийг нэмж болохгүй гэсэн чиглэл өгсөн.  Уурын зуухнууд зохион байгуулалтаа сайн хангачихвал нүүрснээс шалтгаалсан асуудал байхгүй гэж ойлгож болно.

-Ярилцсанд баярлалаа. Ард иргэддээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Танай хамт олонд баярлалаа. Ойрын жилүүдэд Хэнтий аймаг түүхэндээ байхгүй хөрөнгө оруулалт татсан, бүтээн байгуулалтын он цагууд үргэлжилж байна. Манай Хэнтийнхэн ч үүнийг харж, мэдэрч сэтгэл өег байгаа байх. Энэ түүхэн хөрөнгө оруулалтуудад аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар, ЗГХЭГ, Хэнтий нутгаа гэсэн сэтгэлтэй хүн бүр оролцож байгаад таатай байна. Та бүхний итгэл, сэтгэл өөдөө байж, аймаг орон нутаг маань өдрөөс өдөрт цэцэглэн хөгжих болтугай.

 

Холбоотой мэдээ