Орон нутгийн төсөвт өрх толгойлсон иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг тусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-11-30 12:49:17

Архангай /МОНЦАМЭ/. ФЛОМ байгууллагын Архангай аймаг дахь салбарын хэрэгжүүлж буй “Гэгээн ирээдүй” төслөөс аймгийн ЗДТГ-тай хамтран “Өрхөөс хөгжил эхэлнэ” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Чуулга уулзалтад зорилтот 10 сум болох Эрдэнэбулган, Цэнхэр, Хотонт, Хашаат, Ихтамир, Чулуут, Тариат, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан зэрэг сумын удирдлагууд болон ТББ, зорилтот иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн хамрагдсан. "Өрхөөс хөгжил эхэлнэ" чуулга уулзалтын хүрээнд Гэр бүлийн бат бөх байдал, нийгмийн орчин, гэр бүлийн эдийн засгийн бодлого, хүний хөгжил, гэр бүлийн өв соёл, үнэт зүйл, гэр бүлийн хууль эрх зүй, олон улсын гэр бүлд хэрэгжүүлсэн сайн туршлага зэрэг сэдвээр холбогдох албаны мэргэжилтнүүд илтгэл тавьсан байна.

Чуулганы зорилго нь Архангай аймгийн өрх толгойлсон иргэдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэр гаргагчдын түвшинд уламжлах ба цаашид аймаг сум орон нутгийн төсөвт өрх толгойлсон иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг тусгуулах юм.

“Өрхөөс хөгжил эхэлнэ” чуулга уулзалтад оролцогч иргэдийн бодит саналыг авч нэгтгэн дүгнэсэн ба аймаг сумдын удирдлагуудад хүргүүлэхээр бэлтгэж байна. Тус чуулганд ИТХ-ын төлөөлөгч нар оролцон өрх толгойлсон иргэдийн асуудлуудыг сонсож, цаашид эдгээр хүмүүсийн асуудалд анхаарлаа хандуулах талаар дурдаж байлаа. Мөн эмэгтэйчүүд, гэр бүлийн чиглэлээр илтгэлүүд тавьж зорилтот иргэд болон чуулганы оролцогчид гэр бүлийн хууль эрхзүй, эдийн засгийн бодлого хэрэгжүүлэлт, нийгмийн орчин оролцооны талаар тодорхой хэмжээний мэдлэг мэдээллийг олж авчээ. 

Холбоотой мэдээ