Хэнтий аймгийн тариаланчдын холбооны тэргүүн мэндчилгээ дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-28 18:16:28

Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтийчүүд өнөөдөр атрын 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ үеэр Монголын Тариаланчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Хэнтий аймгийн тариаланчдын холбооны тэргүүн, “Пролог системс” компанийн ерөнхий захирал Баярсайханы Цог мэндчилгээ дэвшүүллээ.


            1959 онд Атар газар эзэмшсэнээр газар тариалан бие даасан салбар болон хөгжиж нэгэн жарныг туулан, эдүгээ хүн ардаа эх орны хөрсөнд ургуулсан баталгаат хүнсээр ханган ажиллаж хойч ирээдүйн төлөө уйгагүй хөдөлмөрлөн зүтгэж ирсэн нийт тариаланчиддаа атрын 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Хэнтий аймгийн Тариаланчдын холбоо нь 2011 оны тавдугаар сард таван тэргүүлэгч гишүүнтэй анх байгуулагдаж байсан бол хуучин үйл ажиллагаа эрхэлж байсан хэд хэдэн чиглэлийн тариаланчдын холбоодыг нэгтгэн нэгэн зорилгын дор Монголын Тариаланчдын үндэсний холбоог болж 2018 оны тавдугаар сард байгуулан ажиллаж байна.

Мянгаад гишүүнтэй долоон салбар хороодыг нэгтгэн Монгол орны тариалан эрхэлж байгаа 14 аймагт салбар зөвлөлөө байгуулж маш эрч хүчтэй ажиллаж байна. Тус холбоо нь холбооны ерөнхийлөгч, холбооны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн тэргүүлэгч 11 гишүүн ажиллаж байгаа бөгөөд үүний гурав нь манай аймгаас сонгогдсон, ажлын албаны гүйцэтгэх баг, удирдах зөвлөлийн 51 гишүүнтэй ажиллаж байгаагаас гадна тус холбооноос хэд хэдэн томоохон арга хэмжээ авлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 16-ны 131 тоот тогтоолоор Монголын тариалангийн бүс нутгуудыг зарлан үүнд тус аймгийн 10 сум 17 баг тосгоны 83,9 мянган га тариалангийн талбай хамрагдаж нийт 160,3 мянган га талбайг тариалангийн бүс нутаг болгон тогтоосон. Үүнтэй уялдан ХХААХҮЯ-наас Хурх тосгонд 60 км, Биндэр суманд 30 км хашаажуулалтын асуудлыг шийдвэрлэсэн нь тариаланчдад маш том дэмжлэг боллоо. Мөн 2018 онд улаанбуудайны үнийг шинэчлэн тогтоосон,  Тэргүүлэх зэргийн технологийн хөгжил инновац, хөрс хамгаалах үндсэн чиг үүргийн дагуу гэх мэт олон ажлыг хийж гүйцэтгэж байна.

Миний бие 2017 оноос Хэнтий аймгийн тариаланчдын холбоог тэргүүлж, 2018 оноос Үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Хэнтий аймгийн салбар холбоо есөн тэргүүлэгч гишүүнтэй агаад Үндэсний холбооны шийдвэрийг салбар холбоогоор дамжуулан хэрэгжүүлж тариаланчиддаа хүрч ажиллаж тэднийхээ үгийг сонсч шийдвэрлэх асуудлуудыг нь шийдэн ажиллаж байна.

Манай аймаг цаг агаарын хүнд нөхцөлөөс гадна маш их малтай нөхцөлд тариалан эрхэлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд жилдээ 2-3 удаа шороон шуурга тийрэн босдог болсон нь малын бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэнтэй холбоотой бөгөөд тиймээс хөрс хамгаалах асуудал нэн тулгамдаж байна. Иймд технологи, хөрс хамгаалал, сүрлэн хучлага, МАА-н эрчимжүүлэлт, тэжээлийн аж ахуй, эрчимжсэн ХАА гэсэн чиглэл рүү зөв байр сууринаас шилжих хэрэгтэй байна.

Монголын газар тариалан хэд хэдэн бүсэд хуваагдаж Дорнод Сүхбаатар аймаг Хятад руу бүтээгдэхүүн гаргах, Төв Сэлэнгэ аймаг ногоо, сүүний чиглэлийн аж ахуйг түлхүү хөгжүүлэх, баруун аймгууд МАА-н бүтээгдэхүүн боловсруулах, ноосны авсаархан үйлдвэрүүд байгуулж, малын түүхий эдийн үнэ өсч байна.

Тэгвэл Хэнтий аймаг эрчимжсэн махны үйлдвэрлэл хөгжүүлж байсан уламжлалаа сэргээх шаардлагатай болж байна. Үүнд малын тэжээл чухал шаардлагатай. Ингэж эрчимжүүлэхийн тулд махны чиглэлийн МАА-г эрчимжүүлэн хөгжүүлж тэжээлийн аж ахуй байгуулах тэжээлийн ургамал тариалах туршилтыг ОХУ-ын Караснаярскийн ХААИС-тай хамтран хийж  эрчимжсэн МАА-н түүхий эдийг эрчимжсэн газар тариалангаас хангана.

Энэ онд атар газар эзэмшиж газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлж ирсний түүхт 60 жилийн ойгоо угтаад “Зөв технологи- Чанартай ургац” аяныг аймгийн ХХААГ-тай хамтран өрнүүллээ.

Нэгдүгээрт, Хууль дүрэм журам, стандартыг хэрэгжүүлэх,

Хоёрдугаарт, газар тариалан эрхэлж байгаа компаниудын чадамжийг нэмэгдүүлэх,

Гуравдугаарт, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх

Дөрөвдүгээрт, Газар тариаланд хүний нөөцийг бүрдүүлэх

Тавдугаарт, газар тариалангийн үйлдвэрлэлийг сурталчлан таниулах чиглэлээр ажиллалаа.

Ийнхүү атрын 60 жилийн ойг угтан алдаагаа харж хийх зүйлээ тодруулж авч, ХАА-н хөгжлийн дараагийн шатны ажилдаа орох нь чухал байна.

Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлд хөдөлмөрлөж байгаа нийт тариаланчид ногоочид та бүхэндээ нэгэн жарныг үдэж шинэ жарныг угтах энэ мөчид амжилт бүтээл дүүрэн гал голомт нь үргэлж мандан бадрахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Холбоотой мэдээ