Шинжлэх ухааны 2019 оны шилдэг дөрвөн байгууллага тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
183@montsame.mn
2019-11-29 17:15:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА энэ оны шилдгүүдээ тодруулан өчигдөр шагнал гардууллаа. 

2019 онд зохион байгуулсан шинжлэх  ухаан, технологи, инновацын нийт дөрвөн үзэсгэлэнд давхардсан тоогоор 73 байгууллагын 552 орчим бүтээгдэхүүн оролцжээ. Үүнээс долоон байгууллагын 16 бүтээл шилдэг инновац номинацид нэр дэвших эрхээ авснаас шилдгийн шилдэг дөрвийг тодруулжээ. 

“Шилдгийн шилдэг инновац” номинацид Мал эмнэлгийн хүрээлэн, “Монос” косметик ХХК, “Гарааны Дижитал Солюшнс” ХХК  өрсөлдсөнөөс “Гарааны Дижитал Солюшнс компани” “Виртуал симуляторын цогц системийн удирдлагын дэлгэц” бүтээлээрээ шалгарчээ.

"Шилдэг инновацын технологи” номинацид “Малын арьс ширнээс гарган авсан коллагений гидролизат” бүтээлээрээ ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн, "Шилдэг инновацын бүтээгдэхүүн” номинацид “Акритракт” бэлдмэлээрээ “Гарааны рецептор” ХХК, "Шилдэг инновацын үйлчилгээ” номинацид “Монголын анхны хүүхдийн “Марчаахай” OTT үйлчилгээ бүхий онлайн систем”-ээрээ Марчаахай ХХК тус тус тодорсон байна. 

Шинжлэх ухааны 2019 оны шилдэг инновацын дөрвөн номинаци, салбарын хэмжээний шилдэг 9 бүтээл, “Их эрдэмтний нэрэмжит” шагналын эзэд тодорч шагналыг Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга С.Мөнхбат нар гардууллаа.

Холбоотой мэдээ