“Мөнх тэнгэрийн бичиг-2019” уран бичлэгийн сурагчдын шилдэг бүтээлүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-25 18:46:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2019” уран бичлэгийн үзэсгэлэнг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд өнөөдөр нээв.

Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улс, үндэстнийг эрхэм дээд соёл эх бичгээ сурч мэдэх, түгээн дэлгэрүүлэх хандлагыг хүүхэд багачуудад таниулах, дэмжих зорилготой юм.

2011 оноос уламжлал болгон 8 дахь жилдээ, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн хэлбэрээр гурав дахь жилдээ болж буй тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон үг хэлж, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа.


Тэрбээр, “Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос Монгол Улс албан хэргээ үндэсний болон кирилл бичгээр хөтөлж, хос бичигт шилжинэ. Үүний бэлтгэл болгож, Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие хүүхдүүд та нарын адил үндэсний бичигтээ шамдан суралцаж байна. Түүнчлэн Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудаас гадаад улс руу явуулж байгаа албан бичиг, захидлууд бүгд монгол бичгээр явж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг төлөөлөх гадаад харилцааг үндэсний бичгээрээ явуулж байгаа юм. Их Эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид, Монголын эзэнт гүрний үед монгол бичиг маань дэлхийн өнцөг булан бүрт хүрч хааны зарлиг, Монголын эзэнт гүрний төрийн хэргийг төлөөлөн залгуулж байсан. Түүн лүгээ адил Эзэн Чингис хааны үр хойчис, Их Монгол Улсын залгамж халаа болсон өнөөгийн монголчууд бид гадаад харилцаагаа хүчирхэг дээдсийн улбаагаар үргэлжлүүлэн явуулж байгаагаа илтгэж байгаа хэрэг мөн. Үүний зэрэгцээ дотоодод үндэсний бичиг соёлынхоо хэрэглээг нэмэгдүүлэх нь түүнээс ч илүү чухал. Ер нь тухайн улсын иргэд, хүүхэд багачууд үндэсний өв соёл, түүх уламжлалдаа суралцах, гүн бат танин мэдэх явдал бол оршин тогтнохуй хийгээд оюун санааны амин чухал дархлаа болдог. Цаашид ч энэ үзэсгэлэн хэлбэр, агуулгын хувьд өргөжин шинэчлэгдэж, үргэлжилсээр байх болно. Учир нь энэ бол бид эх оронч, үндэсний үзэл ухамсартай ирээдүй хойч үе, эх орныхоо бахархалт иргэдийг бэлтгэх үйлс билээ. Өнгөрсөн жилийн Үндэсний бичиг үсгийн баяраар миний бие зарлиг гаргаж, монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, монгол бичгийн төрөлжсөн улсын олимпиад зохион байгуулж хэвшихийг Боловсролын яаманд үүрэг болгосон. Энэ хичээлийн жилдээ багтаагаад хүүхэд багачууд Та нарын дуртай үндэсний бичгийн төрлөөр улсын олимпиад зохион байгуулна гэж найдаж байна. Мөн Боловсролын яамнаас энэ үзэсгэлэнд шалгарсан сурагчдын бүтээлийг нийт ЕБС-иудаар аялуулж, үеийн найзууд, ах эгч, дүү нар нь үндэсний бичигтээ ийм үлгэр жишээ суралцаж, бичиж, бүтээж туурвиж байгааг үзүүлэн таниулж, сурталчлах нь зүйтэй. Орчин үе бол цахим хөгжлийн эрин үе тул сурагчид маань үндэсний бичгээ цахим орчинд хэрэглэх чадварыг хичээлийн хөтөлбөрөөрөө сайтар эзэмшихийг уриалж, аминчлан захиж хэлье. Ингэж байж үндэсний бичиг үсгийн маань ирээдүй батжих болно” хэмээв.


Энэхүү үзэсгэлэнд шалгарсан сурагчдын бүтээл Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад улсын төрийн тэргүүнүүд, өндөр дээд зочдод өгөх гарын бэлэг болон очдог аж.

Ингээд шилдэг бүтээлүүдийг танилцуулъя.

10-12 дугаар ангийн Ахлах ангилалд

Тэргүүн байрт Нийслэлийн Баянгол дүүргийн “Хүрээ тулга” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Пүрэвсүрэн Миний нутаг”, дэд байрт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Цэнгүүн “Цаасан шувууны сургаал”, гутгаар байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12 дугаар ангийн сурагч н.Батчимэг  Үндсэн хуулиас”, тусгай байрт  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Айсулу Өлзий”, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Анхбаяр “Би хаана төрөө вэ” бүтээлээрээ тус тус шалгарлаа.


8, 9 дүгээр ангийн Дунд ангилалд 

Тэргүүн байрт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 86 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Ц.Анхцэцэг “Оюун түлхүүр”, дэд байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн “Бийрийн жим” дугуйлангийн сурагчдын хамтын бүтээл, гутгаар байрт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч А.Маралмаа “Гэсэр хаан”, тусгай байрт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Н.Бадармаа Миний нутаг”, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Х.Номин “Хөх судар” бүтээлээрээ шалгарав.


6-8 дугаар ангийн Бага ангилалд шавь нараа бэлдэж оролцуулсан багш нар 

Тэргүүн байрт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн багш Д.Мөнхчимэг, дэд байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод эрдэм” ЕБС-ийн багш Б.Алимаа, гутгаар байрт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн Уран бичлэгийн багш Д.Дуламсүрэн, тусгай байрт Нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш Ж.Ишдулам, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн багш Н.Золжаргал нар шалгарсан юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэсгэлэнгийн бүтээлүүдтэй танилцаж, Хүүхдийн урлан бүтээх төвийн зургийн дугуйлангийн дунд ангийн сурагчдын ангиар зочлов.


Энэ удаагийн үзэсгэлэнд Улаанбаатар, хөдөө орон нутгаас  нийт 310 гаруй сурагчийн 220 бүтээл дэлгэжээ.

Үзэсгэлэнг 12 дугаар сарын 9-нийг хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй толилуулна.

 


Холбоотой мэдээ