Монголбанк, СЗХ-ны удирдлагуудыг томилж, Ашигт малтмалын тухай хуулийг батлав

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-25 08:50:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт Монголын улс төрд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Ашигт малтмалын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүллээ



УИХ-ын чуулганы энэ сарын 22-ны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.


Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 30-ны 4 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөгч байх ба АМНАТ-ийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 заалтууд хүчингүй болгожээ. Тиймээс Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулжээ. Ингэхдээ АМНАТ төлөгч болон уг төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах тухай зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Хуулийн төслийг баталснаар ашигт малтмал олборлосон, худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд АМНАТ-ийг нэг удаа давхардуулахгүйгээр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломж бүрдэх юм. Мөн Монголбанканд тушааж буй алтны хэмжээ, экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар АМНАТ-ийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд хуулийн төслийг батлах санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь дэмжиж, баталлаа.


Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ



Засгийн газрын энэ сарын 19-ний хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч нэр бүхий 22 аж ахуйн нэгжид ирэх онд 30 хоногийн хэрэглээний нөөц бүрдүүлэх үүрэг өглөө.


Нөөцийн хэмжээг шатахуун импортын хувь хэмжээ, нэр төрөлд үндэслэн нийт 133 мянган тонн байхаар шинэчлэн тогтоов. Энэ онд 26 аж ахуйн нэгж А-80 автобензин 6000 тонн, АИ-92 автобензин 35500, дизелийн түлш 71750, ТС-1 онгоцны түлш 3500 тонны нөөцтэй байх үүрэг хүлээсэн. Засгийн газрын тогтоолын дагуу нийт нөөцийг 116 мянга 550 тонноос доошгүй хэмжээнд барьж байна.


Ноднингийн наймдугаар сараас энэ жилийн наймдугаар сар хүртэлх хугацаанд аж ахуйн нэгжүүд нэг сая 600 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.


Оюутолгойн гэрээ, хэлэлцээрийг сайжруулахыг Засгийн газарт даалгав



УИХ-ын чуулганы энэ сарын 21н-ы нэгдсэн хуралдаанаар, "Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийг дэмжиж, баталлаа.


Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын багийн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолд, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулахыг Засгийн газарт даалгаж буй юм. Мөн ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ-ийг боловсруулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэх, Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах, төслийн Монголын талын төлөөллийн чадавхыг бэхжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Харин тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд даалгахаар тусгасан байна.  


“Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталсан юм.


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг Ерөнхийлөгчид өргөн барив



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийг УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 18-нд өргөн барьж, ёсчлон баталгаажуулахыг хүслээ.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг энэ сарын 14-нд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсныг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэв. Тэрбээр, "Энэ нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн. Суурь зарчмын хүрээнд нэгдүгээрт, Үндсэн хуулийн 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан. Хоёрдугаарт, таны болон гишүүдийн саналаар байгалийн баялаг ард түмний мэдэлд байж үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногддог байх зарчим туссан” хэмээн танилцуулав. (Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү).


Монголбанк, СЗХ-ны удирдлагуудыг томилов


УИХ-ын чуулганы энэ сарын 22-ны хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчөөр Бядрангийн Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны даргаар Д.Баярсайхан нарыг томилов.



Б.Лхагвасүрэн нь 1989 онд Монгол Улсын Их Суруулийг Эдийн засгийн ухааны бакалавр зэрэгтэй төгссөн, 1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд Олон улсын харилцааны магистр цол хамгаалжээ. 1993 оноос ажлын гараагаа Монголбанкны эдийн засагч, ахлах эдийн засагчаас эхэлсэн байна. Улмаар 2013 он хүртэл Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал, Ерөнхийлөгчийн зөвлөх, Бүртгэл, Мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн гүйцэтгэх захирал, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирлаар ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2014 оноос Монголын Банкны холбооны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 оноос өнөөг хүртэл Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажилласан юм.



Харин Д.Баярсайхан нь 1983-1991 Нийслэлийн 10 жилийн I дунд сургууль, 1991-1993 МУИС-ийн Гүнзгийрүүлсэн тусгай сургалттай сургууль, 1993-1997 Эдийн засгийн сургуулийг Санхүү менежмент эдийн засгийн бакалавр, 2002-2004 АНУ-ын Индианагийн Их Сургуульд Төрийн санхүүгийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. 1997 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн, 1998 онд “Түмэн Аюуш” ХХК-д Захирал, 2006 онд ДБ-ны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн 2012 онд Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж байсан юм.


Ташрамд дурдахад, Монгол Улс 2017 онд FATF-ын "саарал жагсаалт"-д орох эрсдэл үүсэж, тодорхой зөвлөмж биелүүлэхийг шаардсан. ЭЗБХ-ны энэ оны зургаадугаар сарын хуралдаанаар, тус байгууллагын зөвлөмжийг Монголбанк хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэжээ. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг энэ сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав



Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцатй энэ сарын 20-нд танилцлаа.


Тус төмөр замыг гурван хэсэгт хувааж доод бүтэц болон төмөр замын ажлыг зэрэг хийж байгаа бөгөөд одоогоор 14 км далан барьж дуусган төмөр замаа тавихад бэлэн болгоод байна. Энэ чиглэлийн төмөр зам нь зургаан зөрлөг, хоёр том өртөөтэй байх бөгөөд ирэх сарын нэгэн гэхэд зөрлөгийн барилгын  ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Төмөр замын зураг төслийг төрийн өмчит компани хийсэн бөгөөд  цэргийн найман ангийн алба хаагч, 64 аж ахуйн нэгжийн нийт 2300 хүн, 1300 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Говийн бүс нутагт түгээмэл тархацтай дүүргэлтийн материал ховор байдаг нь төмөр замын далангийн ажил  хийхэд хүндрэл учруулж байна. Гүйцэтгэгч байгууллага хэрэгцээт балласт чулуугаа энэ өвөл  бэлдэх юм. Мөн 36 худаг гаргахаас дөрвийг нь гаргаад байна. Энэ төсөлд 1,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр зам дагуу ашигт малтмалын 37 орд байрладаг бөгөөд газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна ОХУ, БНХАУ-ыг холбосон хоёр дахь транзит төмөр замтай холбогдох зэрэг стратегийн чухал ач холбогдолтой төсөл юм.

Холбоотой мэдээ