Монгол туургатны уран зохиолын харилцаа холбоог хөгжүүлэх хэрэгтэйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-22 21:43:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хилийн гадна орших монгол туургатны уран зохиолын харилцаа холбоог хөгжүүлэх шаардлагатайг өнөөдөр болсон “Монгол туургатны уран зохиолын өнөөдөр, маргааш” хэлэлцүүлгийн үеэр зохиолчид онцлов.

Улаанбаатарын их сургууль, Богд хааны ордон музей, “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, “Ган зам” пресс төв хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улсын зохиолчид илтгэл тавьсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр дэлхий даяар тархан суурьшсан монгол үндэстний оюун сэтгэлгээний нийтлэг болоод ялгаатай талыг нээн илрүүлэх, харьцуулах, иргэншлийн дагалдсан соёлын өөрчлөлт, ахуйн хувьсгалаас үүдсэн өөрчлөлт зэргийг нээхийн зэрэгцээ тархан суурьших явцад өрнөсөн ахуйн ба сэтгэлгээний ертөнцийн хувьсал өөрчлөлт, ижилсэл ялгарлыг дамжуулах, уламжлан үлдээх нь нэн чухал шаардлагатай байгааг хөндөв.

Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар хэлэхдээ, “Монгол туургатны уран зохиолын өчигдрийг бид нэлээд мартсан. Яагаад гэвэл ОХУ, ӨМӨЗО-ы монголчууд болон бие даасан монголчууд бидний хоорондоо харилцах харилцаа хаалттай явж ирсэн. Социализмын үед нийгмийн шаардлагаар тодорхой улсуудын хүрээнд л харилцдаг байсан. Харин утга зохиолын хөгжлийн гол түлхүүр болох сэтгэлгээний эрх чөлөөний асуудлаар өнөөдөр харилцаж эхэлж байна. Тиймээс Улаанбаатарын их сургуулийн залуу эрдэмтэн багш нар, “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн зохиолчид хамтран монгол туургатны уран зохиолыг өөрсдийнх нь уншиж буй бичгээр нь хөрвүүлэх ажлыг эхлээд амжилттай явж байна. Тиймээс өнөөдрөөс маргааш руу шилжихэд бид ямар үүрэг хүлээх, утга зохиол урлагаар дамжуулан хүн ардаа соён гэгээрүүлэхээс гадна хэрхэн цус, хэл, соёл нэгтэй ард түмэнтэй ойртон нягтарших ёстой вэ гэдгийг энэхүү хурлаар хөндөж байна. Монголын уран зохиолыг дүгнэхдээ монгол туургатны уран зохиолыг судалсны дараа дүгнэвэл үнэнд нийцнэ. Тиймээс дэлхийд өөрийн тодорхой байр суурийг эзэлж байгаа Монголын утга зохиол бол монгол туургатны утга зохиолоос харагдана” гэдгийг тодотгов.

Хэлбичгийн ухааны доктор дэд профессор Ш.Баттөр, Хэлбичгийн ухааны доктор Э.Батжавхлан нар “Монгол туургатны өв соёлыг уламжлан үлдээх өнөөгийн үүрэг” илтгэлдээ, “Монгол туургатны уран зохиолын их өв санг нээх, судалгааны эргэлтэд оруулах нь хэл, утга соёлын түвшинд өөрсдийн өв уламжлалыг хадгалан үлдээх, хойч үе маань үндэстнийхээ туулсан замналаас, өнөөгийн нөхцөл байдлаас үнэтэй сургамж авах, монгол туургатныхаа бахархам өв соёлоо уламжлан түгээх, шинэ ололт амжилтаар баяжуулан дэлгэрүүлж хүн төрөлхтний соёл иргэншлийн их далайд өргөмжлөн сурталчлах үзлийг төлөвшүүлэхэд өндөр ач холбогдолтой” гэдгийг дурдав.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы нэгдүгээр дэсийн зохиолч Э.Бүрэнтөгс хэлэхдээ, “Уран зохиолд хилийн дээс байдаггүй юм. Дэлхийд монгол туургатан уран зохиол, уран санаагаараа даяарших ёстой. Өнөөдөр Өвөрмонгол хагас зуунд хагас романтай байсан бол 1980-аад оноос эхэлж 20 гаруй жилийн хугацаанд 200, 300 гаруй романтай болсон. Цаг үеийн шалгалтыг даваад уран зохиолчийн судлагчийн хандлага дэлхийн гадаад соёлыг махчилж дууриаж сурч байна. Ингэхдээ зүй шүтлэгээр бичнэ, ахуй амьдралыг бичихгүй, хэлбэрээр бичдэг, хэл хэрэггүй гэдэг ташаа үзлээс болж Өвөрмонголын уран зохиолын маргааш хаашаа хөгжих вэ гэдгийг асуух хэрэгтэй. Гадаад, Европын уран зохиолыг хүндлэх ёстой ч махчилж болохгүй. Хэрвээ махчилдаг бол манай уран зохиолын маргааш сүүдэртэй болно гэсэн үг. Уран зохиол гэдэг бол өөрийн нутаг усан дээр, өөрийн монгол соёлын суу дээр, удамшил дээр босох л ёстой. Тэрхүү уг соёл, удамшлыг мартах юм бол ямар ч уран зохиол байж чадахгүй” хэмээв.

Хэлэлцүүлгийн дараа Монгол, Өвөрмонгол, Буриад зохиолчид Богд хааны ордон музейн өв сантай танилцсан юм.



Холбоотой мэдээ