ОХУ-тай шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-22 14:44:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд М.М.Котюковтой Москва хотод уулзлаа.

Уулзалтаар хоёр талын дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ОХУ-д суралцан төгсөж байгаа монгол оюутнуудын дипломын хавсралтын үнэлгээг Болоны конвенцын дагуу кредитээр тооцож олгодог болгох, суралцах хугацаанд монгол оюутнуудад тулгардаг зарим хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, ОХУ-ын талаас тавьсан хамтарсан дээд сургууль байгуулах саналыг хоёр талаас судалж, ажил хэрэг болгох зэрэг асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх талаар анхаарч ажиллахаар боллоо.

Мөн Монгол, ОХУ, БНХАУ-ын шинжлэх ухааны байгууллагуудын хүрээнд хамтарсан бүс нутгийн төслийг түүх, соёл, археологийн чиглэлээр хэрэгжүүлэх санаачилга гаргаж байгаагаа илэрхийлэв.

Сайд М.М.Котюков манай талаас тавьсан саналуудыг анхааралтай судлан үзэх, салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд санал нэг байгаагаа илэрхийллээ гэж БСШУСЯ мэдээлэв.


Холбоотой мэдээ