Завханы Онцгой байдлын газар 300 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-11-20 22:06:18

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал ажиллаж аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцжээ.

Тэрээр орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил, Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзан Онцгой байдлын байгууллагаас баримталж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэл өгчээ. 

Ажлын хэсэг Завханы Онцгой байдлын газрын 2019 оны зорилтын хэрэгжилт, хууль эрх зүйн болон алба хаагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудтай газар дээр нь танилцжээ. Мөн үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах ахлагч Г.Маналжавыг дэслэгч цолоор шагнасныг гардуулан өгчээ.


Алба хаагчдын ажлын байрны нөхцөлийг сайжруулжээ

Завхан аймгийн Онцгой байдлын газар Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 39, 43, 57 дугаар анги, Эрэн хайх аврах бүлэг, Улсын нөөцийн салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

2019 онд аюулт үзэгдэл, ослын нийт 79, гал түймрийн 25  удаагийн дуудлагаар ажиллаж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 300 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. 2019-2020 оны өвөл, хавар Завхан аймгийн 24 сумын 116 багийн 9.1 мянган малчин өрхөд 3.8 сая мал өвөлжиж, хаваржих бөгөөд малчид өвөлжилтийн бэлтгэлээ 93.9 хувьтай хангажээ.

2012-2019 онд нийт 17 алба хаагчийн гэр бүлийг ажлын байраар хангасан, тухайлбал, цэцэрлэгийн багшаар хоёр алба хаагчийн гэр бүл ажилладаг. Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 2016 онд 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулж байсан. Мөн алба хаагчдын ажлын байрны орчин, нөхцөлийг сайжруулах, таатай уур амьсгалыг бүрдүүлэх чиглэлээр алба хаагчдын дотоод нөөц, бололцоог дайчлан тохижилтыг ажлуудыг хийжээ.

Онцгой байдлын газар дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит болжээ

Завхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор аймгийн Онцгой байдлын газрыг Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгожээ.

Дэслэгч генерал Г.Дамдинсүрэн нь 1947 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Байлдагчаас генерал хүртэл нийт 40 жил улс эх орныг батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэжээ. Энэ хугацаанд Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар 1990-1996 онд ажилласан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1991 онд хошууч генерал, 1997 онд дэслэгч генерал цол хүртэж байжээ. Ийнхүү Онцгой байдлын газрыг Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан, тус аймгаас төрөн гарсан дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгосон ажээ.

Өсвөрийн аврагчид бүлэгт 30 гаруй хүүхэд хүмүүжиж байна

Онцгой байдлын газрын алба хаагчдын хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийг байгуулж, дөрвөн багш, 30 гаруй хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Тодруулбал Онцгой байдлын газрын алба хаагчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн бүлгийг Улиастай сумын II цэцэрлэгийн харьяанд байгуулжээ. Тус бүлгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн дэмжлэг болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын дэмжлэг 70 гаруй сая төгрөгийн өртгөөр байгуулсан аж.

Аймгийн Онцгой байдлын газрын хуучин албаны конторын нэг давхар барилгыг алба хаагч нар өөрсдөө засварлаж хүлээлгэж өгсөн байна. Өнөөдрийн байдлаар тус бүлэг нь сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн багш нэг, хөдөлгөөн засалч, сувилагч багш нэг, туслах багш нэг, тогооч нэг гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн бүлгийн дэргэд мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сувилж, сургуулийн өмнөх боловсрол олгодог ажээ. Тус бүлэгт өдрийн цагаар хөгжлийн бэрхшээлтэй 2-5 насны хүүхдүүдийг сувилах юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгийн насны бус хүүхдүүд нь цагаар сувилгаа эмчилгээнд хамрагдах боломжтой ажээ. Онцгой нөхцөлд цэцэрлэгийн “Ирээдүйн аврагчид” бүлгийн цагийн хуваарийг уртасган ажиллуулах юм байна. Өнөөдрийн байдлаар “Ирээдүйн аврагчид” бүлэгт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын 30 гаруй хүүхэд, Улиастай сумын хөгжлийн бэрхшээлтэй найман хүүхэд өдрөөр сувилуулж байна.

Ирэх жил гамшгаас хамгаалах команд

штабын сургууль болно

Завханы Сонгино сум дахь шатахууны цэгийг түшиглэн Шатахуун түгээх станц, Аврах бүлгийн байр барих санхүүжилтыг энэ онд шийдвэрлүүлжээ.

Аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийсэн байна. Судалгааны дүнд аймгийн гамшгийн эрсдэлийн түвшин 48,8 буюу “дунд” эрсдэлтэй гарчээ. Мөн уул уурхай болон авто зам угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт, шалгалтыг эрчимжүүлэн хэд хэдэн хяналт шалгалт сургалтыг зохион байгуулжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг эрүүл, эрсдэлгүй, аюулгүй орчинд сургах, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал эзэмшүүлэх зорилгоор аймгийн хэмжээний сургууль бүр дээр “Гамшгаас хамгаалах танхим”-ыг байгуулахаар ажиллаж байгаа тухайгаа тус тус Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй ажлын хэсэгт дуулгажээ.

Ташрамд, ирэх жил тус аймагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах, гал унтраах сайн дурын хэсгүүдийг чадавхжуулах, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, алба хаагчдын ажлын байрны орчин, нөхцөлийг сайжруулах, автомашины гараашаар ашиглаж байсан байрыг спорт заал болгон тохижуулж засварлах, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг томоохон ажлуудыг төлөвлөн ажиллаж байгаа талаараа Завханы Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ