Ирэх оны төсөвт техник хангамжийг сайжруулахаар 30 сая төгрөг суулгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-11-20 17:26:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-ний өдөр аймгийн Цагдаагийн газар шинэ барилгынхаа нээлтийг хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн өртгөөр гурван давхар, 1750 м/кв талбайтай, 45 өрөө бүхий барилгын ажлыг “Бат-Угсралт констракшн” ХХК гүйцэтгэж, ашиглалтад оруулаад байна. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Билгүүн, ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж тэргүүтэй хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.

Цагдаагийн алба хаагчдыг ая тухтай нөхцөлд ажиллах боломжоор хангасан нь төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, хуулиар хэрэгжүүлэх үндсэн чиглэл, өргөсөн тангаргаа нэр төртэй биелүүлэхэд томоохон түлхэц болохыг оролцогчид хэлж байв.  2020 оны төсөвт цагдаагийн байгууллагын ажилчдын техник хангамжийг сайжруулахаар 30 сая төгрөгийг суулгаад байна.

Нээлтийн үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган ажилласан 17 алба хаагч, ахмад ажилчдыг ЦЕГ-ын болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж, урамшуулсан юм.

Холбоотой мэдээ