СИЭ:Гол тигэний бага бичээсийг монголчууд анх удаа тайлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-18 18:15:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гол тигэний бага бичээс хэмээн алдаршсан Хөшөө Цайдамын энгэр дэх хөшөөний бичээсийг буруу тайлсан хэмээн “Сэргэлэн интернэйшнл экспедишн /СИЭ/”  ТББ-аас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Манай улсад Түргийн хэмээн нэрлэгдсэн хүн /руни/ бичгээрх 60 орчим гэрэлт хөшөө бий. Эдгээрийг дандаа гадаадын эрдэмтэд нээж, тайлж уншсан байдаг. Харин монголчууд анх удаа буюу тодруулбал Гол тигэний бага бичээсийг “Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ тайлжээ. 

Уг бичээст “Тан төрийн тайзун хуанди умард зүгийн мал ахуйтнаас сая мал ахуйтныг тариачин, нэхмэлчин болгох үйлийг идэвхтэй явуулаад өөрийн нутагтаа 200 мянгаад мал ахуйтныг суурьшуулжээ. Энэ үйлийг Билгэ хаан зогсоож байсан" тухай өгүүлдэг юм байна. Гэтэл хадан бичигт огт байхгүй олон үгийг судлаачид нэмсэн төдийгүй зарим үгийг онхи буруу орчуулсан байдгийг тус ТББ-ынхан ярилаа.


“Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн: "Академич Л.Болд Гол тигэний бага бичээсийг буруу тайлжээ. Тодруулбал, уг бичээсийн агуулгыг огт тайлаагүй байна. Бичээсийн өгүүлбэр үг тус бүр, тийн ялгалыг зөрүүлэхгүйгээр өнөөдрийн монголчууд бид ойлгох боломжтой байна.  Учир нь, энэ бичиг бол манай өвөг дээдсийн өв юм. Тэгвэл өнөөдөр манай дээдсийн бичээс төрийн хамгаалалтад байна уу, Туркийн хамгаалалтад байна уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Бид өөрсдөө бичгээ тайлаагүй учраас гадаадынхан манай улсад түүх, соёлын түрэмгийлэл үйлдэж байна. БСШУС-ын сайдын А94 тоот тушаалаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа Түрэг төрийн дурсгалт бичээсийг цаашид хэрхэн судлах талаар зөвлөгөө өгөх ажлын баг байгуулсан. Энэ багийг БСШУСЯ-ны Инновацын хэлтсийн дарга Д.Одгэрэл ахалж байгаа. Одоо удахгүй тайлангаа тавих ёстой. Манай ТББ үндэсний эх сурвалж судлалын санг бий болгохыг зорьж байгаа юм" хэмээн ярилаа.


Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Г.Буянтогтох судалгааг дүгнэж хэлэхдээ, "Өнөөгийн бидний өвөг дээдсийн төр улсын түүхийн сурвалжийн нэг нь манай Түрэг төрийн /ЗТ VI-VIII зуун/ нэрт зүтгэлтэн Билгэ хаанаас хойч үеийнхэнд үлдээсэн нууц гэрээс, мал ахуйтны төрийн хар хайрцгийн бодлогын товчоо болж үлдсэн нь Хөшөө Цайдамын бага бичээс юм" хэмээн тодотгоод, "Бага бичээсийн 13 шад, 57 мөрт 350 үг буйн 346 үгийг өнөөгийн бид ухаж ойлгох ба бирлэ, гиси, таш, татанги зэрэг 4 үгийн утгыг л ухахгүй болжээ. “Сэргэлэн инернэйшнл экспедишн”-ий хамт олон 2019 онд түүнийг өөрийн үндсэн хэлбичгийн дурсгал, үндэсний түүхийн сурвалжийн хувиар судлаад, С.Е.Малов, Лу.Болд нарын орчуулга хөрвүүлэгтэй харьцуулан дараах дүгнэлтэд хүрлээ. Үүнд, Бага бичээс бол одоогоос 1400 орчим жилийн өмнөх манай үндсэн хэлний дурсгал, мөн  мал ахуйтан дээдсийн маань улс гүрний түүхийн чухал сурвалж төдийгүй манай төрийн бодлогын үнэт өв юм. Түүнчлэн С.Е.Малов, Л.Болд нарын хөрвүүлэгт "хаан ширээнд суув" гэх мэтээр судлаачийн нэмсэн үг олон байна. Огузов, огузын гэх мэтээр буруу орчуулсан, хөрвүүлсэн үг нэлээд байгаа нь шинжлэх ухааны танин мэдэхүйн онол, аргазүйд нийцсэн гэхээсээ уран сайхны эх гэж үзэхэд хүргэж байна" хэмээв.


Археологич, түүхч, доктор, профессор Д.Эрдэнэбаатар: Монгол нутагт байгаа хадны бичиг бол Монголын түүхэн эх сурвалж юм. Энэ эх сурвалжийг гадны эрдэмтдийн буруу ташаа тайлбараар ашиглаж ирсэн гашуун туршлага бидэнд байна.  Монголын түүхийн эх сурвалжийг засаж, найруулж үг нэмж, зохиож болохгүй. Энэ бол шинжлэх ухааны судалгааны ёс зүйн том алдаа байдаг. Бид энэхүү алдааг засахын тулд ажиллаж байна. Гэхдээ энэ бол эргэлзэн гайхах шинэ нээлт биш, харин мартсан хэл соёлоо сэргээх оролдлого юм. Энэ бол орчин үеийн Турк улстай түүх, хэл соёлын хувьд огт хамаагүй дурсгал шүү. Үүнийг төр засгийн удирдлагууд анхаарч, ард иргэд ойлгох хэрэгтэй.


“Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ-ын гурав дахь сургалтыг төгсөгч Р.Амарсайхан: Хүн бичгийн сургалтад өөрийн итгэл үнэмшлээр суралцсандаа баяртай байна. Учир нь, хадан бичгийн 100 үгтэй тескт уншихад 90 үгийг нь шууд ойлгож байгаа. Мэдээж 1500-2000 жилийн өмнөх түрэг хэл, хүн хэл өнөөгийн монгол хэлд идэвхтэй хэрэглэж буй үгтэй харьцуулахад 100 хувь яв цав тохирохгүй нь ойлгомжтой. Энэ удаагийн сургалтын онцлог нь, хадан бичгийн эх сурвалжийг академич Л.Болдын судалгаатай, нэгдүгээрт логик талаас, хоёрдугаарт өгүүлбэр хэлзүйн талаас тохирч байгаа эсэхийг харьцуулсан. Гол тигэний бага бичиг 350 үгтэй. Харин Л.Болд академичийнх 750 үгтэй. 1500-2000 жилийн өмнө хэрэглэж байсан хүн үг өнөөдрийн монгол хэлд идэвхтэй хэрэглэж буй нэг үгтэй агуулгаараа давхцана. Гэтэл 350 үгтэй текстийг 750 үгтэй болгосон нь огт байхгүй үгс олныг нэмжээ гэсэн дүгнэлтэд хүргэсэн" гэлээ. 


“Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ-аас хүн бичиг үсгийн сургалтыг 3 удаа зохион байгуулж янз бүрийн ажил мэргэжлийн нийт 36 хүнийг сургаад байгаа юм байна.

 

 

Холбоотой мэдээ