Угаарын хордлогын дуудлага цөөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-11-18 13:03:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлснээр угаарын хийд өртсөн дуудлага цөөрч байна. Өнгөрсөн шөнийн байдлаар гурван дуудлага иржээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "11-р сарын 16-18-нд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийд өртсөн нийт 30 өрхийн 89 иргэн (үүнээс 38 хүүхэд) хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Энэ сарын 2-ноос 18-нд угаарын хийн хордлогын дуудлагаар 415 өрхийн 991 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 45 хүн эмнэлэгт эмчлүүлэн, өнөөдрийн байдлаар нэг иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хордлогын нийтлэг шалтгаан галлагаа, пийшин зуухны аюулгүй байдалтай холбоотой байна” гэв.



Мэдээллийн үеэр утааны том ширхэгт тоосонцрын хэмжээ 1.2 хувиар, жижиг ширхэгт PM 2.5 тоосонцрын хэмжээ 1.9 хувь буурсан гэв. Гэвч хүхрийн давхар исэл 2 дахин өндөр байгааг Агаарын бохирдолтой тэмцэх газрын суурин харуул хариуцсан мэргэжилтэн Н.Санчирбаяр хэлэв. Тэрээр, “Галлагаа ид эхэлсэнтэй холбоотойгоор агаарын чанарын индекс 1-2 дахин багассан” гэв.


НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн "Өнгөрсөн шөнийн байдлаар гурван дуудлага ирсэн. Хэдийгээр шөнөдөө хүйтэн хонож байгаа ч дуудлагын тоо цөөрсөн.  Өмнө нь түүхий нүүрс тээвэрлэн ирж байгааг буцааж байсан бол одоогийн байдлаар түүхий нүүрсийг хураан авч, жолоочийг торгож байна” гэв.

Тэрээр, “Энэ 11 сард 47 дуудлагаар түүхий нүүрс түлж байгаа илрүүлсэн. Өнгөрсөн 7 хоногт төвийн 6 дүүрэгт олон нийтийн байцаагч нар болон штабуудын ажлыг шалгасан. Үлгэр жишээ дүүрэг, хороод байна. Баянзүрх дүүргийн 2-р хорооны Засаг дарга хорооны эрсдэл бүхий иргэдийн гэрээр орж зуух, янданг хөөлүүлж байна.

Хүмүүсийн толгой өвдөж байгаа нь өрөөн дэх хүчилтөрөгчийн агууламж багассантай холбоотой. Төвийн 6 дүүргийн айлуудад угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажлын хүрээнд нийт 60 гаруй угаарын хийн мэдрэгчийг авчирсан. Сонгоод энэ сардаа багтаан өрхүүдэд угаар мэдрэгчийг суурилуулна” гэв.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ 

Холбоотой мэдээ