Баян-Өлгийн зочид буудлууд нэг дор 1270 зочин хүлээн авах хүчин чадалтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-17 22:50:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй аялал жуулчлалын хөгжлийг дагаж үйлчилгээний салбарын хүртээмж сайжирч байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө тус аймгийн зочид буудлын орны тоо 600 орчим байжээ. Аймгийн Аялал жуулчлалын холбооноос гаргасан судалгаагаар тус үзүүлэлт 2019 онд 1269-т хүрсэн байна. Тодруулж хэлбэл, Өлгий хотод нийтдээ 360 ор бүхий 12 зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа бол 2020 оноос 70 ортой MJS зочид буудал ашиглалтад орох аж.

Харин 11 жуулчны баазад 584, 13 дэн буудалд 255 зочин хүлээн авах боломжтой.

Баян-Өлгий аймагт 2019 онд 30 гаруй аялал жуулчлалын компаниар дамжин 6 мянга гаруй жуулчин аялжээ. Үүнд бизнесийн зорилгоор болон зочлохоор Казахстан Улсаас ирсэн 16 мянга, ОХУ-аас ирсэн 5 мянган иргэн ороогүй байна. Жуулчид тухайн жилд гурван сая доллар буюу 8 тэрбум гаруй төгрөгийг аймгийн эдийн засагт оруулжээ. Үүний үр дүнд нисэхийн болон аялал жуулчлалын компани, дэлгүүр, худалдааны төвүүд, шатахуун түгээх станцууд, хатгамал, оёдлын цехууд, валют арилжааны газрууд, музейн орлого нэмэгдэхээс гадна жолооч, орчуулагч, морь, тэмээ хөлслөгч зэргээр 1000 орчим иргэн улирлын чанартай ажлын байртай болжээ.

Эрх бүхий байгууллагуудаас өгсөн мэдээллээр цаашид тус аймагт ирэх гадаад, дотоодын жуулчдын тоо өсөх хандлагатай бөгөөд үүнийг дагаж зочид буудал, хоолны газар зэрэг байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг илүү сайжруулах шаардлагатай байна. 

Холбоотой мэдээ