Тэлмэн сумын сургууль “Ногоон туг”-ийн болзол хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завханы
Тэлмэн сум улсын хэмжээний эко сургууль шалгаруулах уралдаанд амжилттай оролцож
шилдэг 9 сургуулийн нэг болжээ.
Манай сургууль нь 2012 оноос “Эко сургууль” хөтөлбөрт хамрагдаж амжилттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2017 оны тавдугаар сард Олон улсын “Эко сургууль”-ийн “Хүрэл гэрэгэ”, аравдугаар сард “Мөнгөн гэрэгэ” тус тус хүртэж байсан. Харин энэ онд ийнхүү шилдгийн шилдгээр шалгарч “Ногоон туг”-ийн болзол хангалаа. Бид сургууль орчмын хог хаягдал, усны асуудалд нэлээд анхаарал хандуулан үр дүнтэй ажилласан бөгөөд цаашид аймаг, улсын хэмжээнд сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх зорилт тавьж байгаа.
Түүнчлэн сургуулийн хүүхдүүд, багш нар хогоо ангилан ялгахаас эхлүүлээд хандлагаа өөрчилье аянд нэгдэж хогоо заавал хогийн саванд хийх, телевизээ залгуураар нь унтраах зэрэг жижигхэн үйлдлээр ч байгалиа хамгаалж болохыг ажил хэрэг болгоод байгаа. Энэ ажилд “Ногоон паспорт” аянд оролцсон ногоон паспорт бүхий өсвөр үеийнхэн идэвхтэй уриалж манлайлж байгаа юм хэмээн Тэлмэн сумын сургуулиас мэдээлэв.
Харин тус сургуулийн
эко клубийн хүүхдүүд өнгөрсөн жил сумын хэмжээний байгууллагуудын гадна
тохижилт, цэцэгжүүлэлтэд түлхүү анхаардаг байсан бол энэ жил бусад сум орон
нутагт өөрсдийгөө таниулъя гэдэг үүднээс нийлэг уутнаас татгалзаж, даавуун тор
үйлдвэрлэдэг болсон аж. Бид эхлээд даавуун тороо гэрийнхнээсээ эхэлж хэрэглүүлж
хэвшүүлсэн. Одоо манай сумын байгууллагууд, хүнсний дэлгүүрүүд ч даавуун
тор хэрэглэж хэвшиж байгаа хэмээн тус сургуулийн Эко клубээс нэмж дуулгав.
Ногоон
паспорт аяныг өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, байгаль хамгаалах үйлсэд
хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал
жуулчлалын яам “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд өнгөрсөн жилээс өрнүүлж
эхэлсэн тухай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
Хэдийгээр аяныг эхлүүлээд нэг жил болсон ч ногоон паспорт эзэмшигч хүүхдүүд өөртөө болон гэр бүл, найз нөхдөдөө зөв хандлага түгээж, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан байгаль хамгаалахад хувь нэмрээ оруулж байгааг харахад бахархууштай байна.
Завханы хүүхдүүд сургуулийнхаа эко клуб, анги хамт олноороо хаягдал батарей цуглуулах, булаг, шанд, ойн хогийг түүх, нийлэг уутнаас татгалзаж, даавуун тор үйлдвэрлэх зэргээр идэвхтэй оролцож байгаа. Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн гишүүн, Олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийн үндэсний оператор, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвөөс жил бүр уламжлал болгон улсын хэмжээний эко сургууль шалгаруулах уралдааныг зохион байгуулдаг юм. Олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийн дагуу манай улс “Тогтвортой хөгжлийн боловсрол” Үндэсний хөтөлбөрт эко сургуулиудын тоог нэмэгдүүлж, 2022 он гэхэд нийт сургуулиудын 50 хувийг хамруулахаар тусгаад байгаа.
Харин “Эко сургууль”
хөтөлбөр нь Дэлхий нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд хүүхэд,
залуучууд, орон нутгийн иргэдэд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх
мэдлэг, чадварыг түгээж, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаанд суралцуулдаг,
дэлхийн 67 улсын 51 гаруй мянган сургуульд хэрэгжиж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл
ажиллагааны төлөвлөгөө”-нд “Эко сургуулийн үйл ажиллагааг дэмжиж байгаль
орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг
хүүхэд, залууст төлөвшүүлэх” мөн “Байгаль орчны менежментийн тогтолцооны MNS
ISO 14000 багц стандартыг ААН, байгууллагад
нэвтрүүлэхийг хөхүүлэн дэмжиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хэрэглээний хэмнэлттэй
зөв дадлыг бий болгох” хэмээн тус тус заасан байдаг. Тэгвэл манай
аймгийн Тэлмэн сумын сургууль энэ хөтөлбөрт маш амжилттай, санаачилгатай оролцож буй нь өнөөдрийн “Ногоон туг” болзлыг хангасан явдал юм
хэмээн аймгийн БОАЖГ-аас тус тус мэдээлэв.