Сургуулийн автобус хүүхдийн аюулгүй байдал хангасан эсэхийг шалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-15 14:58:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазаас ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй сурагчийг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар өнөөдрөөс зөөж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга тэргүүтэй хотын удирдлагууд сургуулийн автобусны хүүхдийн аюулгүй байдлыг болон чанар стандартын шаардлага хангасан эсэхийг шалгалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийт 33 чиглэлд 29 сургуулийн бага ангийн бүх хүүхдийг тээвэрлэнэ. Цаашид тоог нь нэмэх талаар анхаарна. Автобусны зардлыг Хотын захиргаанаас гаргаж байгаа. Автобус өглөө 7:00 цагт зогсоолдоо очно. Автобусанд нийгмийн ажилтан явна. Гараас гарт гэдэг зарчмаар ажиллана. Хамгийн том дэвшил нь баар кодоор хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянах боломжтой. Хүүхэд хаана буусан, хаанаас суусан, автобусанд байна уу үгүй юу гэх мэт бүх мэдээллийг хянах боломжтой. Эхлээд 3000-аад хүүхдэд үйлчилж байна. Цаашид нарийвчлан судлаад, 2020 оны эхээр хүүхдэд бүрэн хүрч ажиллахаар төлөвлөж байна” хэмээв.

Сургуулийн автобус нь сурагчдыг өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагт үйлчлэх бөгөөд дээрх автобусыг хаягжуулан, хяналтын төхөөрөмж суурилуулж, техникийн аюулгүй байдлыг хангуулах ажлыг хийжээ. Энэ ажлыг эхлүүлснээр замын түгжрэлийг бууруулах, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн хүүхдээ хэдэн цагаас ямар буудлаас тосож авах талаар Нийслэлийн боловсролын газраар дамжуулан эцэг эхчүүдэд зөвлөмж хүргүүлсэн байна. Сурагчдыг тээвэрлэхээс гадна уг автобусанд ухаалаг системийг нэвтрүүлсэн учраас эцэг эхчүүд хүүхдээ хаана яваа, давтлага сургуулиасаа хоцорсон эсэх гэх мэт мэдээллийг хянах боломжтой аж.

Мөн энэ үеэр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон хяналтын өрөөнийхөө онлайн камерын үйл ажиллагааг хотын захирагчид танилцуулав. Тус газрын үйлчилгээнд явж буй бүх автобус онлайн камертай, жолооч болон үйлчлүүлэгчдийн үйл ажиллагааг бүрэн хянаж байдаг байна.


 

Холбоотой мэдээ