АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг шууд дамжуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-14 13:05:55

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Инженерийн армийн корпус /USACE/ болон Гааль, хилийн хамгаалалтын газрын /CBP/ мэргэжилтнүүд эсэргүүцэж буйг үл харгалзан Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа АНУ-Мексикийн хилийн дагуу ханa барих ажлыг шууд дамжуулан үзүүлнэ гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.


“Хананы камерыг ирэх 2020 оны эхээр суурилуулна. Шууд дамжуулалтын зорилго нь хана барих төсөлд олон нийтийн дэмжлэгийг авах юм” гэж Цагаан ордны өндөр албан тушаалтан “Washington Post” сонинд мэдээлсэн байна. Харин “USACE”, “CBP”-ийн төлөөлөгчдийн мэдээлснээр, хана барих ажлыг гүйцэтгэгчид өөрсдийн арга техникийг өрсөлдөгчдөдөө мэдэгдэхийг хүсэхгүй байгаа ажээ.


Одоогийн байдлаар АНУ-Мексикийн хилийн дагуу 130 гаруй километр урт хана барьсан бөгөөд цаашид 640-800 гаруй километрыг барихаар зорьж байгаа аж. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас хилийн дагуу хана барихад 1 тэрбум ам.долларын санхүүжилтийг өнгөрсөн гуравдугаар сард олгосон юм.


Сануулан дурдахад, Д.Трамп хананы санхүүжилтийн асуудлаар Конгрессын Ардчилсан намын төлөөлөгчидтэй санал зөрөлдсөний улмаас АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түүхэндээ хамгийн удаан буюу 35 хоногийн турш түр зогссон билээ. 

Холбоотой мэдээ