Израилын цохилтод амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-14 12:36:20

ИЕРУСАЛИМ. /France Presse /. Газын зурваст өгсөн Израилын цохилтын улмаас амиа алдсан хүний тоо 32 болж нэмэгдлээ гэж тус зурвасын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Израил улс Газын зурваст цохилт өгсний улмаас нэг өдөр 26 хүн амиа алдаж, 80 хүн шархадсан гэж тус яам лхагва гарагт мэдээлж байв. Амиа алдсан хүмүүсийн дунд өсвөр насны гурван хүүхэд байгаа аж.


Израилын Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд Газын зурвас болон түүний ойр орчим дахь хэт давруу үзэлтнүүдийн байрлалд өгч буй цохилтоо лхагва гарагийн орой үргэлжүүлсэн байна. Энэ хооронд Каир хотод талуудын хооронд гал түр зогсоох тохиролцоонд хүрэхийн тулд идэвхтэй хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд Ойрхи Дорнодын асуудлыг хариуцсан НҮБ-ын тусгай зохицуулагч Николай Младенов, Палестины “Лалын Жихад” бүлэглэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Зияд аль-Нахал нар Египетийн нийслэл хотод хүрэлцэн очжээ.


Палестиний “Sama News” сонинд мэдээлснээр, хэрэв Израилийн нутаг дэвсгэр рүү пуужин харвахаа зогсоохгүй бол дараагийн бай нь Зияд аль-Нахал болон “Лалын Жихад”-ын бусад толгойлогч байх болно гэдгийг дурдсан захидлыг Израилын эрх баригчид хэдэн цагийн өмнө “Лалын Жихад” бүлэглэлд илгээсэн байна.


“Лалын Жихад” бүлэглэл пуужин харвахаа болих ёстой, эс тэгвээс цохилт өгсөөр байх болно” гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху лхагва гарагт мэдэгджээ.


Холбоотой мэдээ