Хятадын ДНБ энэ оны эхний улиралд 6.7 хувиар өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-04-15 13:49:22

БЭЭЖИН. /Xinhua/. 2016 оны эхний улирлын дүнгээр Хятадын Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт 6.7 хувьтай гарсан тухай тус улсын Статистикийн газар мэдээлжээ.

Хятадын эдийн засаг өсөлтийн хурдац аажмаар саарч байгаа юм. 2010 онд энэ үзүүлэлт 10.4 хувь, 2011 онд 9.2 хувьтай байсан бол 2012 онд 7.8 хувь болж буурчээ. 2013 онд Хятадын эдийн засгийн өсөлт 7.7 хувь болж буурсан байна. Харин 2015 оны дүнгээр 6.9 хувийн өсөлттэй гарчээ.

Энэ оны эхний улиралд Хятадын аж үйлдвэрийн салбар 5.8 хувиар өссөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.3 хувиар буурсан үзүүлэлт болохыг тус улсын Статистикийн газрын мэдээлэлд дурджээ.

Сүүлийн жилүүдэд тус улсын аж үйлдвэрийн салбарын өсөлтийн хурдац мөн удааширсан байна. 2011 онд 13.9 хувиар өсч байсан энэ салбарын өсөлт 2012 онд 10 хувь, 2013 онд 9.7 хувь болж буурчээ. Хятадын үйлдвэрлэлийн салбарын өсөлт 2014 онд 8.3 хувьтай байсан бол өнгөрсөн онд 6.1 хувь байв.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ