Дорноговийн сумдыг төвлөрсөн дулаан, цэвэр бохир усны шугамд холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-13 21:08:02

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймаг энэ онд улсын болон орон нутгийн төсөв, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар 100 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, засварын ажил хийхээр төлөвлөсөн.

Зарим суманд бүтээн байгуулалт хэрхэн өрнөж буйг тоймлов. Орон нутгаас бүх сумыг ээлж дараалан төвлөрсөн дулаан хангамж, цэвэр усны шугамд холбох зорилт тавьжээ.


Замын-Үүдийн бүтээн байгуулалтын ихэнх нь дуусчээ


Замын-Үүд суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 ортой эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, спорт тоглоомын талбай, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн хөгжлийн төв, нийтийн халуун усны барилга, Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгө оруулалтаар явган хүний зам, авто зам дагуух гэрэлтүүлэг зэрэг ажил өрнөж байна.

Одоогоор ерөнхий боловсролын сургуулиас хүнд даацын авто зам хүртэлх 300м хатуу хучилттай авто зам, “Мандах наран” хорооллоос “Заан” зоог хүртэлх 800 м урт явган хүний зам, ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, бага сургуулийн урд хэсгийн 1500 м2 авто зогсоол, Сүлд багийн есдүгээр хэсгийн хороолол дундах авто замын ажил дуусчээ.

Авто зам, барилга угсралт зэрэг бусад томоохон ажлууд дуусах шатандаа оржээ. Мөн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлогын дагуу хилийн боомтын барилгыг шинээр барих ажил эхэлсэн бөгөөд өнгөрөгч 09 дүгээр сарын 01-нээс боомтын үйл ажиллагааг түр горимд шилжүүлээд байна.


Хатанбулаг суманд 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулав



Хатанбулаг суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, “Дорноговь Их хөгжил” сангийн нийт 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

Арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар тус суманд төвлөрсөн халаалт, цэвэр, бохир усны байгууламж, Иргэдийн хөгжлийн төв, Ханги хилийн боомтын Гаалийн бүсийн хяналтын талбай, суурьшлын бүсийн гэрэлтүүлэг болон фасад, төрийн албан хаагчийн  дөрвөн айлын орон сууц, соёл спортын цогцолборын шинэчлэл, соёлын төвийн их засварын ажлууд өрнөж буй.

Бүтээн байгуулалтын ажилтай аймгийн Засаг дарга танилцаж ажлыг товлосон хугацаанд чанартай, түргэн шуурхай гүйцэтгэж, ашиглалтад оруулах чиглэл өглөө.


Улаанбадрах суманд 1.8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөж байна



Улаанбадрах суманд энэ онд "Дорноговь Их хөгжил сан", Нутгийн зөвлөл,  улсын болон орон нутгийн төсвийн нийт 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг эхэлжээ.

Үүнд ерөнхий боловсролын сургуулийн засварын ажил, соёл спортын цогцолбор барих, соёлын төвийн гадна пасадны ажил, сумын төвийн гэрэлтүүлэг,  дотуур байр, хүүхдийн цэцэрлэгийн их засвар томоохон ажилд тооцогдож буй.

Мөн сумын төвийн нэгдсэн халаалт, цэвэр бохир усны шугам сүлжээнд холбох, иргэдэд үйлчлэх төвийн барилгын ажил үргэлжилж буй бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг шинэ оноос өмнө дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.


“МАК” ХХК Даланжаргалан суманд бодит хөрөнгө оруулна


Даланжаргалан суманд улсын төсвийн 2.8 тэрбум  төгрөг, орон нутгийн болон Дорноговь Их хөгжил сангийн хөрөнгөөр нийт 500 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байна.

Үүнд сумын дулаан, цэвэр бохир усны нэгдсэн шугам, багийн төвийн барилга, орон сууцны дээвэр, пассадны засвар хийж буйгаас гадна Даланжаргалан сумаас Хэнтийн Бор-Өндөр сум хүрэх 50 км авто замын ажил өрнөж байна.

Аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, “МАК” ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээний дагуу энэ онд жижиг дунд үйлдэрийг дэмжих "МАК” сангийн салбарыг Даланжаргалан суманд байгуулах, Мандах сумын малчдад олгодог ботгоны урамшууллыг Даланжаргалан сумын малчдад олгох, компанийн ажилчдын суурьшлын бүсийг тус суманд байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан.


Алтанширээ суманд 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ


Алтанширээ суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, "Дорноговь Их хөгжил сан"-гийн нийт 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн халаалтын уурын зуухны барилгын ажил, эрүүл мэндийн төвийн өргөтгөл, 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр барих ажил үргэлжилж байна.

Мөн багийн төвийг цахилгаан эх үүсвэрт холбох, тоглоомын талбай барих,  ухаалаг худаг барих ажлыг гүйцэтгэжээ.        

Холбоотой мэдээ