Хөдөлмөрийн яармагаар 500 гаруй ажлын байр танилцуулна

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-11-06 14:42:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” хамтран “Карьер экспо-2019” хөдөлмөрийн яармагийг МҮХАҮТ-д энэ сарын 9-нд зохион байгуулна.

Тус хөдөлмөрийн яармаг гадаадад сургууль төгссөн залуусыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь туслах зорилготой.

Энэ үеэр Монгол Улсын хэмжээнд үндэсний томоохон хэмжээний 50 орчим аж ахуй нэгж, байгууллагын 500 гаруй  нээлттэй ажлын байр зарлах бөгөөд ажил идэвхтэй хайж буй 15-34 насны залуус хамрагдах боломжтой.


Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул, ”Энэ жилийн хөдөлмөрийн яармаг төр, хувийн хэвшлийн түншлэлийг оролцуулж, гадаадын их дээд сургууль төгссөн залуучуудын нэгдсэн зөвлөлтэй төрийн байгууллагууд хамтран ажиллаж буйгаараа онцлогтой. Түүнчлэн гадаад, дотоодын сургууль төгссөн гэж  ялгахгүй, ажил хайж буй бүх залууст энэхүү үзэсгэлэн яармаг нээлттэй. Бид мэргэжлийн боловсролын үнэлгээний төвтэй хамтарч ур чадвар, гүйцэтгэл сайтай залууст мэргэжлийн боловсролын үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн. Тиймээс залуус  үзэсгэлэн яармагт өргөнөөр оролцож, ур чадвараа үнэлүүлснээр мэргэжлийн үнэмлэхтэй болох боломжтой” хэмээв.  

Мөн нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй 3000 орчим ажлын байрны танилцуулга, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд хэрэгжих цогц сургалтын талаар танилцуулах аж. Уг сургалтын хүрээнд дөрвөн сарын хугацаатай ур чадвар эзэмшүүлэх найман мэргэжлээр иргэдийг бүртгэх юм.

Ташрамд дурдахад, өнгөрсөн онд болсон “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриатай хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаадад сургууль төгссөн 1100 гаруй залуу хамрагдаж, сонирхсон ажлын байрандаа 510 нь бүртгүүлснээс 70 нь шууд ажилд орсон байна.

Холбоотой мэдээ