Хонконгт чиглэгдэх “Нэг улс, хоёр систем” зарчмын өөрчлөлтийг тэвчихгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-01 14:13:20

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг болон Макаод чиглэсэн “Нэг улс, хоёр систем”-ийн зарчимд өөрчлөлт хийх, эсэргүүцэн өдөөхийг Хятад улс тэвчихгүй хэмээн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ Байнгын хорооны хууль тогтоох ажлын комиссын тэргүүн Шэнь Чуньяо БНХАУ-ын Коммунист намын 19 дахь удаагийн сонгуулийн Төв хорооны дөрөвдүгээр бүгд хурлын дүнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“Нэг улс, хоёр систем” зарчимд нийцүүлсэн Хонконг, Макаогийн удирдлага нь манай улсын төрийн удирдлагын системийн чухал хэсэг бөгөөд БНХАУ-ын Коммунист намын 19 дахь удаагийн сонгуулийн Төв хорооны дөрөвдүгээр бүгд хурлын хүрээнд хэлэлцсэн чухал асуудал юм. “Нэг улс, хоёр систем” зарчимд эсэргүүцэн өдөөлтийг бид тэвчихгүй бөгөөд үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах, улсыг хуваахад чиглэсэн аливаа үйлдлийг тэвчихгүй. Хонконг болон Макаогийн хэрэгт хөндлөнгөөс оролцох гадны хүчийг бид эрс эсэргүүцэж, тогтоон барина” хэмээн тэрбээр цохон дурджээ.


“Хятад улс засаг захиргааны онцгой бүс Хонконг болон Макаог үндсэн хууль, хууль тогтоомжийн үндэс болсон хэм хэмжигдэхүүнүүдтэй нийцүүлэн удирдсаар байх бөгөөд Хонконг, Макао дахь үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг тууштай хамгаалж, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг урт хугацаанд дэмжсээр байх болно” хэмээн Шэнь Чуньяо мөн ярьсан байна. 

Холбоотой мэдээ