“Марко Пологийн аялал” ном уншигчдын хүртээл болов

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-10-31 18:01:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг “Monumenta Mongolica” цувралын хүрээнд “Марко Пологийн аялал” /Венецийн Рамузиогийн 1559 оны хувилбар/ хэмээх судалгааны бүтээл уншигчдад хүрлээ.

Энэхүү бүтээлийг итали хэлнээс доктор Элизабетта Рагагнин, Г.Бат-Учрал нар монгол хэлнээ хөрвүүлжээ.

МУИС-ийн Европ судлалын тэнхимийн багш Г.Бат-Учрал, “Марко Пологийн Монголоор аялсан тэмдэглэл номыг орос хэлнээс 1987 онд анх орчуулсан байдаг. Уг номыг франц хэлнээс орос руу, орос хэлнээс монгол хэл рүү дамжуулан орчуулсан. Бидний орчуулсан Рамузио хувилбар бол өмнөх номуудаас шүүмжлэлт хэвлэл буюу Марко Пологийн маш олон хувилбар бичмэлүүдийг шүүн тунгааж нэгтгэсэн гэдгээрээ онцлогтой. Марко Пологийн тухай гарсан олон номд байсан болон орхигдсон мэдээллүүдийг нэгтгэж гаргасан. Хоёр жил орчуулсан” хэмээв.


Итали улсын Венец хотын худалдаачин Николай Полын хүү Марко Поло дэлхий дахинаа нэрээ дуурсгах үйл бүтээсэн агуу аялагчдын нэг билээ. Тэрбээр Ойрхи Дорнод, дундад ба төв Ази, өмнөд ба баруун өмнөд Азийн олон улс орноор аялан явж, өөрийн үзсэн харсан бүхнээ нэгтгэн 1298 онд "Орчлонгийн элдэв сонин" ном туурвисан нь тэр үедээ шинэ нээлт болсон үйл явдал болжээ. Ялангуяа тэрбээр Их Хаан Хубилайн дэргэд 1272-1289 он хүртэл 17 жил алба хааж, түүний элч төлөөлөгчөөр Юань улсын олон муж улсад зарагдан явахдаа, тэдгээр нутгийн хүн ардын нутагшил, аж байдал, зан суртахуун, шашин шүтлэгийн тухай тодорхой тэмдэглэж уг номдоо бичсэн нь газар зүй, түүх судлал, угсаатны зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдэхүүн болж эдүгээ хүртэл эртэмтэн судлаач, уншигч олны анхаарлыг татсаар байгаа юм.

 

Холбоотой мэдээ