АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхний асуудлаар өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
АТГ-ыг 2011 оны 11 дүгээр сараас хойш даргалж байсан Н.Ганболд энэ сарын 11-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм. АТГ-ын даргыг Ерөнхийлөгчөөс санал болгож, УИХ зургаан жилийн хугацаатай томилдог. Тиймээс Н.Ганболд бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас нэг жилийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаа нь багагүй таамаг, маргаан үүсгэсэн юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн бөгөөд өнөөдөр УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Н.Ганболдоос асуулт асууж, хариулт авлаа.
Ингээд гишүүдийн асуулт хариултыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ-ын сонгууль дөхсөн үед та ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа. Хэн нэгэн ажлаа өг гэж дарамтлав уу?
Н.Ганболд: Ямар нэг дарамт шахалт байгаагүй. Хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гол шалтгаан нь ажлын нөхцлөө өөрчилж, эрүүл мэнддээ анхаарах шаардлага гаргасантай холбоотой.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: АТГ улс төрчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хянадаг. Тэгвэл өөрсдийнх нь мэдүүлэг хаана байна вэ? Та энэ албыг хашиж байхдаа хөрөнгө тань хэр өөрчлөгдөв? Эзэмшдэг хувьцаа хэр нэмэгдэв? Ер нь алба хаагчдынхаа хөрөнгийг хянадаг уу?
Н.Ганболд: АТГ-ын ажилчдын хөрөнгө орлогын мэдүүлэг Хууль зүйн байнгын хорооны хяналтад байдаг. АТГ-ын дарга болон дэд дарга төрийн өндөр албан тушаалтанд хамаардаг учраас хөрөнгө орлогын мэдүүлэг ил байдаг. Миний хөрөнгө өөрчлөгдөөгүй, би ямар нэг компанийн хувьцаа эзэмшдэггүй. АТГ-т 160 албан хаагч байгаагийн 80 хувь нь 35 хүртэлх насны, төрийн байгууллагад 5 хүртэлх жил ажиллаж байгаа залуус. Би даргын хувьд ажилчдаа мөрдөж шалгадаггүй ч нийгмийн байдлыг нь харж байдаг. Манай ажилчдад өөрчлөлт гараагүй. Харин гадны нөлөөнд орж, ажил албаа урвуулан ажиллах вий гэж эмээдэг. Ер нь АТГ-ын ажилчдын цалин төрийн албан хаагчид шиг нэмэгддэггүй, бага байдаг.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: АТГ-ыг улс төрчдөөс чиглэл авдаг гэдэг хардалт байдаг. Улс төрчдөөс ангид байж чаддаг уу? Би хувьдаа АТГ-ыг их хэлмэгдүүлэлт эхлүүлсэн гэж үздэг. Үүнд юу гэж хариулах вэ?
Н.Ганболд: АТГ-ын 20-25 хувь нь мөрдөн шалгах, үлдсэн нь соён гэгээрүүлэх ажил байдаг. Би ажиллах 5 жилийн хугацаандаа Ерөнхийлөгчтэй нийтлэг хурал дээр 3, УИХ даргатай 4 удаа төсвийн талаар уулзаж байсан. Ерөнхий сайдтай уулзаж байгаагүй. Хэлмэгдүүлэлт байгаа гэж үзэж надад гомдол гаргавал би хаана ч очиход бэлэн.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Панама Оффшор” гэх дансны тухай их ярьж байна. Энд данстай гишүүд ч байна гэдэг. Үүнтэй холбоотой мэдээлэл солилцох талаар ямар арга хэмжээ авав?
Н.Ганболд: Оффшор бүсийн асуудалтай холбоотой шууд харилцах боломж байхгүй юм билээ. Бид оролдсон, судалж үзсэн, хичээсэн, ярьж үзсэн. Боломж байхгүй. Их хэцүү асуудал юм билээ. Гэхдээ би чөлөөлөгдөж байна гэлтгүй маш ойрын хугацаанд мэдээлэл авъя.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Авлигатай тэмцэх бус урьдчилан сэргийлэх талаар ямар ажил хийв?
Н.Ганболд: Урьдчилан сэргийлэх ажлыг муу хийсэн гэж бодохгүй байна. Их олон Засаг даргын авлига үүсэх магадлалтай байсан захирамжийг шалгаж хүчингүй болгосон. Үүний цаана их олон тоо бий. Гэхдээ урьдчилан сэргийлэх ажлыг улам сайжруулах ёстой.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Аль салбарын төрийн албан хаагч илүү их авлигад өртөж байна, шалгагдаж шийтгэгдсэн нь хэд байна?
Н.Ганболд: Шүүх, гааль татвар, газрын албаны албан хаагчидтай холбоотой гомдол байнга ирдэг. Байнга хяналт шалгалт хийдэг. 60-70 шинжээчийг тогтмол урьж ажиллуулдаг. Төрийн албан хаагчдын цалин хангамж үнэхээр бага байгаа учир авлига авах нөхцөл үүсгээд байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш хоёр хэргийг шалгуулах гэж АТГ-д өгсөн. Нэг нь ойр тойрныхондоо 3.7 тэрбум төгрөг тарааж өгсөн Монголбанкны ерөнхийлөгч, нөгөө нь АНУ-д олон тооны үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан Ерөнхий сайд асан С.Баяр байсан. Үүнийг АТГ гэмт хэрэг биш гээд хаасан. Энэ мэт олон хэргийг ингэж мухарласан. Яагаад? Ер нь АТГ байх хэрэг байна уу? Мөн таны цалин хэд вэ?
Н.Ганболд: АТГ-ын ажилчдын цалинг УИХ тогтоодог. Миний цалин 1.4 сая, цол зэргийн нэмэгдэл 2 сая орчим төгрөг авдаг. Монголбанкны ерөнхийлөгч захирамж тушаалаа ил тод гаргаад өөрийн эрх мэдлийн хүрээнд хуваарилалт хийсэн байсан. Нууц далд аргаар төсвийн мөнгө зарцуулсан бол гэмт хэргийн шинжтэй. С.Баярын хувьд тэнд өмч хөрөнгө эзэмшиж байгаа хүмүүс нь бүртгэлтэй, ил байсан. АТГ-ын хэргүүдийг прокурор хянадаг. Гэмт хэргийн шинжтэй бус гэж үзсэн. АТГ байх үгүйг төрийн эрх мэдлийн хүрээнд хэлэлцэх байх.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: М.Энхболд хотын дарга байхад Та Нийслэлийн Цагдаагийн газрын дарга байсан уу? Нүүрсний хэргээр Л.Гансүх шүүхээр яллагдсан. Хамт шалгагдаж байгаа хоёр хүнийг нь одоо татварын хэргээр шалгаж байна, энэ хэлмэгдүүлэлтээ хэзээ болих вэ?
Н.Ганболд: Тэр үед би НЦГ-ын даргаар ажиллаж байсан. Татварын хэргээр шалгаж байгаа гэх асуудлаар хариулт хэлэх боломжгүй. Энэ асуудал мөрдөн байцаалтын шатанд байгаа. Прокурорын зөвшөөрөлтэй ярих учир одоо хариулах боломжгүй.
Асуулт хариулт өрнөсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувь нь дэмжсэнээр АТГ-ын дарга, тэргүүн комиссар Наваансүрэнгийн Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний оронд томилох даргыг тун удахгүй Ерөнхийлөгчөөс санал болгоно гэдгийг Ерөнхийлөгчийн хууль зүйн зөвлөх С.Өнөрбаяр хэлсэн юм.
Н.Гантуяа