Д.Эрдэнэчимэг:Эрүүл баталгаажсан хөрсөнд органик бордоо, органик үрээр ногоогоо тарьж ургуулдаг гэдгээрээ онцлогтой

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-01 12:37:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж байгаа органикийн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн анхны аймаг боллоо. Мөн атрын анхны шанг Сэлэнгийн тариаланчид татсан. Ийн газар тариалангийн салбарын түүхэн 60 жилийн хугацаанд анхдагч бүхнийг түүчээлсэн Сэлэнгийн ногоочид органикийн хуулийг хэрэгжүүлэгч анхдагчууд болов. Ингээд хууль хэрэгжүүлэгч хоршоодын төлөөлөл, “Сэлэнгэ Таван хайрхан” дундын хоршооны тэргүүлэгч, “Бугант эх” хоршооны гишүүн Д.Эрдэнэчимэгтэй уулзаж ярилцлаа.


-Сүүлийн үед хүмүүс органик хүнс гэж нэлээд ярьдаг болж. Бас түүнийг худалдан авахаар зорьдог ч болсон байна. Энэ маань мэдээж эрүүл байх, хүнсний аюулгүй байдлаа хангахад, гэр бүлийн гишүүдийнхээ хүнсний чанарт анхаарч байгаагийн илрэл болов уу. Органик гэж чухам юуг хэлээд байна. Бусдаас ялгарах онцлог давуу чанар нь юу байдаг юм бол. Органик хүнс үйлдвэрлэгч хүний хувьд санал бодлоо хуваалцахгүй юу?

-Олон улсад органик хүнс үйлдвэрлэхдээ хүрээлэн буй орчин, хүн, мал, амьтан, ургамал, хорхой шавж, ус, агаарыг нэгэн цул гэж үзэн, элдэв химийн бодис, пестицид, антибиотик хэрэглэдэггүй юм байна. Манай улс 2016 онд “Органик хүнсний тухай хууль”-тай болсноор органик үйлдвэрлэл явуулах, органик гэдгийг баталгаажуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн байдаг. Үүний дараагаар энэ хуулийн хэрэгжилтийг хангахын тулд “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслөөс Сэлэнгэ аймгийн анхан шатны 30 хоршоог нэгтгэсэн органик хүнсний хамтын баталгаажуулалтын тогтолцоог бий болгон ажиллаж эхэлсэн юм. Үүний хамтрагчдын нэг нь би бөгөөд манай хоршоо байгаа юм. Манай аймгийн хувьд хамгийн анхны органикийн хуулийг хэрэгжүүлж байгаа аймаг, бид органикаар хүнсээ бэлтгэж байгаа ногоочид гэдгээрээ маш их бахархалтай байдаг. Манай “Сэлэнгэ Таван хайрхан” дундын хоршооны хувьд органикийн хууль нь болохоор хөрсний дээж, усны дээжийн шинжилгээгээ өгч шинжлүүлсэн, эрүүл баталгаажсан хөрсөнд органик бордоо, органик үрээр ногоогоо тарьж ургуулдаг гэдгээрээ онцлогтой юм. Сүүлийн үед хүмүүс манай аймагт ирж туршлага судалж байгаа.

-Энэ жил хэчнээн төрлийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэв, борлуулалт хэр байв? Үнэ ханшийн тухайд. Хүмүүс органикийн тухайд хэрхэн ойлголттой байсан бэ?

 -Энэ жилийн тухайд бид 80.9 га-д, 33 нэр төрлийн органик ногоо тарьж ургуулсан. Борлуулалтын хувьд сайн байсан шүү. Хүмүүс жинхэнэ эрүүл, эко органик хүнс гэдгийг хүсэн хүлээж байсан байна лээ. Бидний үйлдвэрлэсэн органик ногоо маань худалдаанд гарч байгаа нь хүмүүсийн хэрэгцээг хангаж чадсан. Энэ жилийн хувьд бид нэг их үнэтэй борлуулалт хийгээгүй. Дахин хэлэхэд бидний үйлдвэрлэж байгаа органик хүнс чинь Монголынхоо эрүүл хөрсөнд, эрүүл ахуйн шаардлага хангасан, хүний биед хэрэгтэй хүнсний ногоо гэдгээрээ давуу байсан. Хэдийгээр ийм байсан ч бидний хувьд бас их үнэ нэмж зараагүй. Харин бидний хаяг шошго, сав баглаа боодлын хувьд өртөг өндөр хийдэг. Гэсэн ч бид үнээ нэмээгүй нийтийн жишгээр л худалдсан. 

-Органик төмс, хүнсний ногоо, зөгийн балыг баталгаажуулснаар бага талбайд тариалан эрхэлж байгаа хүмүүст ихээхэн тустай болж байгаа гэж дуулсан. Энэ талаар таны хувьд ямар өөрчлөлт байна. Бас хамтын баталгаажуулалт та бүхэнд ямар үр дүнгээ өгч байна вэ?

-Тийм шүү. Органик төмс, хүнсний ногоо, зөгийн балыг баталгаажуулснаар жижиг талбайд тариалж байгаа бидний хувьд орлого нэмэгдэж, амьжиргаа маань дээшлэхэд их нөлөөтэй болсон. Бидний хувьд ард иргэддээ эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэн худалдах боломж бүр сайн бүрдэж байна гэсэн үг шүү дээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийтдээ 12 хамтын баталгаажуулалтын байгууллага, нэг хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага органик хүнсний баталгаажуулалтыг явуулж байгаа гэсэн. Мөн баталгаажсан, бүртгэлтэй 21 төрлийн органик хүнс, 32 төрлийн шилжилтийн үеийн органик хүнс, хэрэглэгчдийн гарт очоод байгаа гэсэн мэдээлэл байдаг. Иргэд маань энэ бүртгэл, мэдээллийн сангаас аливаа химийн бодис, пестицид хэрэглээгүй, баталгаажсан, бүртгэлтэй органик болон шилжилтийн үеийн органик хүнсний талаар мэдээлэл авахад бидний маш дэлгэрэнгүй байгаа. Өөрөөр хэлбэл органик хүнс үйлдвэрлэж байгаа талаар ХХААХҮЯ-ны веб сайтад бүртгэлтэй байгаа гэж ойлгож болно.

-Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх бодол мэдээж байгаа байх л даа. Бага талбайд тариалж байгаа болохоор түүнийгээ дагаад ургац бага байх болов уу. ашиг олж чадах уу?

-Одоо бид “Адра” ОУБ-ын органик түншлэл төсөлтэй хамтран ажиллаж байгаа. Цаашид ч энэ төслийн хүрээнд хамтраад нэмүү өртөг шингээсэн, гадаадын зах зээлд болон Монгол Улсынхаа хэрэгцээг органик хүнсний бүтээгдэхүүнээр хангах том зорилттой ажиллаж байгаа. Манай монголчууд органик хүнсээ хэрэглэж сурцгаая, заншицгаая гэж уриалмаар байна. Органик гэдэг нь мал аж ахуй, газар тариалан, цэвэр байгалийн, Монгол Улс болон гадаадын орнуудын стандартыг хангасан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг хэлээд байгаа юм л даа. Органик нь амьд болон ургамлын гэсэн хоёр гаралтай байдаг. Бид ургамлын гаралтай органикаа үйлдвэрлэж байгаа хүмүүс.

Бид олон жилийн уламжлалт аргаар ногоо тариалж эхэлсэн. Энэ маань цэвэр органик л байж. Ямар нэгэн хор грибцид хэрэглээгүй, байгаагаараа ургаж байсан. Тэрийгээ л энэ уламжлалт аргаа л органик гээд байгаа юм. Малынхаа бууц болон шувууны сангасаар бордоо хийдэг. Жижиг га талбайд органикаар тарих нь маш боломжтой байгаа. Харин том га талбайд болохоор арай л болохгүй. Яагаад гэвэл хортон шавьж, хөнөөлтөд ургамал идэгддэг.

-Баталгаажилт хийгээгүй мөртлөө “Органик”, “Байгалийн гаралтай цэвэр” хэмээн сурталчилж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх явдал гарч байв уу? Та нарын органик бүтээгдэхүүнийг хэрхэн таньж мэдэх вэ?

-Манай хоршоонууд органик хүнсний тухай хуульд заасны дагуу хамтын баталгаажуулалтын байгууллагаар баталгаажсан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас албан ёсны гэрчилгээ авсан, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээтэй, анхны органик төмс, хүнсний ногоог худалдсан. Бид 8-10 дугаар сард зохиосон “Намрын ногоон өдрүүд”, Сүхбаатарын талбай, Лавай худалдааны төв, “Барилгачдын талбай” дахь үзэсгэлэн худалдаагаар худалдан борлуулалтаа хийсэн. Манай Сэлэнгэ органик хамтын баталгаажуулалтын байгууллага Сэлэнгэ аймагт 2019 оны зургадугаар сард байгуулагдсан. 19 үйлдвэрлэгч, дөрвөн хэрэглэгч талын бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Үйлдвэрлэгчид гэдэг нь анхан шатны үйлдвэрлэгчид ногоочид, зөгийчдийг хэлж байгаа юм.

 

 

Холбоотой мэдээ