Дөргөн сум шинэ Соёлын төвтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-27 14:04:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дөргөн сумын Соёлын төвийн шинэ барилгыг энэ оны 10 дугаар сарын 25-нд ашиглалтад хүлээн авав.

Тус сумын Соёлын төвийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Толхын Ойл” ХХК-ийн хамт олон гүйцэтгэжээ.

Дөргөн сумынхан сүүлийн 20 орчим жилийн хугацаанд шинэ Соёлын төвтэй болох саналыг УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагад танилцуулж байжээ. Учир нь сумын хуучин соёлын төвийн барилгыг 1956 онд аж ахуйн зориулалтаар барьсан. Улмаар барилгын ашиглалтын хугацаа дууссан, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж.

Дөргөн суманд дөрвөд угсаатан олноор суурьшин амьдарч буй. Дөрвөд угсаатны өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тохилог орчин нөхцөл бүрдүүлэх зорилтын хүрээнд ийнхүү шинэ соёлын төв барьжээ.

Дөргөн сумын 250 хүний суудалтай Соёлын төв нь 1300 орчим ам метр талбайтай, хоёр давхар, орчин үеийн шийдэлтэй юм.

Ирэх онд Ховд аймгийн Буянт суманд шинэ Соёлын төв, Мөнххайрхан суманд Спорт, соёл урлагийн цогцолбор бүтээн босгох аж. Ингэснээр тус аймгийн хөдөөгийн 16 сум орчин үеийн стандарт бүхий шинэ Соёлын төвтэй болно гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Холбоотой мэдээ