Мэдэх эрхийн төлөөх Австралийн сэтгүүлчдийн тэмцэл

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-10-24 18:40:36

Австралийн сэтгүүлчид өнгөрсөн даваа гарагт өвөрмөц маягийн эсэргүүцлийн акци зохион байгуулсныг хэвлэл мэдээллийнхэн төдийлөн анзааралгүй өнгөрлөө. Тус улсын өдөр тутмын голлох сонинуудын тэргүүн нүүрэн дэх нийтлэлүүдийг бүхэлд нь хараар будаж дарсан байснаас гадна “Нууц.Нийтэлж болохгүй” гэж улаан өнгөөр сануулга тэмдэглэгээ хийжээ. Сэтгүүлчид цензүүр буюу цагдан хяналтын эсрэг ийм өвөрмөц арга хэрэглэн нэгдэн тэмцэж, Австрали улсад үг хэлэх эрх чөлөө хумигдаж байгаад олон нийтийн анхаарлыг хандуулахаар шийдсэн нь энэ юм.


Right to Know Coalition /Мэдэх эрхийн төлөөх эвсэл/ гэдэг байгууллагаас санаачилсан уг эсэргүүцлийн ажиллагаанд Australian, Guardian, Эй-би-си, Эс-би-эс, Sydney Morning Herald зэрэг өдөр тутмын болон долоо хоног тутмын 20 сонин, News Corp Australia, Nine зэрэг 17 мэдээллийн корпорациуд оролцлоо. Санаачлагчдын үзэж байгаагаар, үндэсний аюулгүй байдлын талаар олон тооны хууль батлагдсанаас үүдэн австраличууд мэдэх эрхээ хязгаарлуулж байгаа учраас үүнийг эсэргүүцэж байгаагийн илэрхийлэл болгож сонинууд тэргүүн нүүрийнхээ нийтлэлүүдийг хар өнгөөр будаж дарсан байна.   


“Бидний гол эрх болох мэдээллийг олж авах эрхэд аюул учирч буйг нийгэм даяараа ухаараасай гэсэндээ бид энэ ажиллагааг зохион байгуулсан. Бид Австралийн хэвлэл мэдээллийн салбарт 10 гаруй жил гаруй ажиллаж байгаа бөгөөд учирч буй аюулын талаар олон нийтэд мэдээлэхийн тулд анх удаагаа нэгдлээ” гэж “Мэдэх эрх” эвслийн мэдэгдэлд дурдсан байна. 


2018 онд Австрали улсад тагнан турших үйл ажиллагаатай тэмцэх тухай хэд хэдэн хууль батлагдсанаар нууц мэдээллийг олон нийтэд ил болгох нь эрүүгийн гэмт хэрэг мөн гэж хуульчилсан байна. Хууль зөрчсөн тохиолдолд буруутай этгээдэд 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор заасан нь эрэн сурвалжлах сэтгүүлчид болон тэдэнд мэдээлэл өгдөг хүмүүсийг /мэдээлэгчид/ маш хүнд байдалд оруулж байгаа юм.  


Энэ оны 5 дугаар сард Ерөнхий сайдаар дахин сонгогдсон Скотт Моррисон /Консерватив Либерал намын дарга/ мэдэгдэхдээ “хэвлэлийн эрх чөлөө нь ардчилсан тогтолцоонд чухал, гэхдээ хуулийг дагаж мөрдөх нь зүйтэй” гэжээ. Тэрбээр “улсын нууц задруулсан хэрэгт буруутгагдсан сэтгүүлчдийг шүүхэд шилжүүлнэ” гэж мэдэгдсэний дараа хэвлэл мэдээллийн томоохон холдинг компаниуд нэгдэж эхэлсэн байна. 


Ер нь бол, сүүлийн 20 жилийн хугацаанд Австрали улсад тагнах ажиллагаа ба мэдээллийн нууцлалтай холбоотой 60 гаруй хууль батлагдсанаас 22 нь сүүлийн 2 жилд батлагдсан байна. Сүүлийн үед сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг мэдээлэгчидтэй холбоотой хуулийн заалтууд улам чангарч байгаа аж. Нэг жишээ дурдахад, 2018 онд Fairfax Media ба АВС корпораци хамтарсан эрэн сурвалжлах ажиллагаа явуулснаар Австралийн Татварын газрын ажилтнууд татвар төлөгчдийг ялгаварлан, тэдэнтэй зохисгүй харьцаж байсныг илрүүлсэн байна. Энэ тухай мэдээллийг татварын газарт ажиллаж байсан Ричард Боил гэдэг хүн өгчээ. Одоо түүнийг 66 зүйл ангиар буруутгаж, 161 жил шоронд хорих ялаар шийтгэж магадгүй болоод байна.


Өөр нэгэн жишээ. 2017 онд Australian Broadcasting Corporation /ABC/ мэдээллийн корпорацийн сэтгүүлчид 2009-2013 оны хугацаанд Австралийн цэргийн албан хаагчдын Афганистанд үйлдсэн 10 удаагийн гэмт хэргийн талаарх мэдээллийг нууцын зэрэглэлтэй материалуудаас олж аваад олон нийтэд түгээсэн байна. Үүнийхээ төлөө сэтгүүлч Дэн Оукс, Сэм Кларк нар ял сонсч магадгүй болжээ.


Бас нэгэн дуулиан дэгдсэн нь Daily Telegraph сонинд нийтлэгдсэн нэгэн нууц материалтай холбоотой байлаа. Австралийн тусгай албад иргэдийн цахим захидал, банкны мэдээлэл, захидал харилцаанд нэвтэрснээр австраличуудыг тагнан мөрдөж байгаа тухай дээрх сонины сэтгүүлчид бичсэн аж. 


Сэтгүүлчдийн эдгээр нийтлэлтэй холбоотойгоор энэ оны 6 дугаар сард цагдаа нар Сидней хот дахь АВС корпорацийн төв байр болон News Corp Australia корпорацийн сэтгүүлч Анника Сметэрст /Annika Smethurst/ гэдэг эмэгтэйн гэрт нэгжлэг хийжээ. Энэ эмэгтэй Австралийн эрх баригчид иргэдийг мөрдөн мөшгих ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа тухай бичсэн аж. Сэтгүүлчийн орон гэрт нэгжлэг хийх болсон цорын ганц үндэслэл нь мэдээж “улсын нууцыг задруулсан”-тай холбоотой байв.

Сэтгүүлч Анника Сметэрстийн гэрт цагдаа нар нэгжлэг хийжээ

Үүгээр ч үл барам, үндэсний аюулгүй байдал, тагнан турших ажиллагаатай огт холбоогүй, нийгэмд бугшсан бусармаг явдлыг илчлэн бичихийг хүртэл хориглох замаар сэтгүүлчдийг цензүүрдэх нь улам газар авсаар. Тухайлбал, хүүхдүүдийг садар самуунд уруу татсан хэрэгт буруутгагдсан хамба лам Жорж Пелл-ийг шүүх хурлыг сурвалжилсан 30 орчим сэтгүүлч торгуулах болон хорих ял сонсч магадгүй болоод байна.  


“Засгийн газар үнэнийг нууж байгаа бол чухам юуг нууж байна вэ” гэсэн асуултаар уриа хийж эсэргүүцлийн ажиллагаанд оролцож буй сэтгүүлчид нийгэмд бугшсан олон таагүй зүйлийн талаар ярьж байлаа. Жишээ нь, өндөр настнуудыг асрах газарт ажилладаг хүмүүс үйлчлүүлэгчидтэйгээ зохисгүй харьцаж байгаа тухай, гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг их хэмжээгээр худалдаж байгаа тухай бичихийг сэтгүүлчдэд хориглосон аж.


Тодруулбал, 2012 онд эрэн сурвалжлах сэтгүүлч Крис Веделаго Гадаадын хөрөнгө оруулалтыг хянах товчоонд хандан “Канадын компанид их хэмжээний хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг худалдсантай холбоотой баримт бичгүүдийг гаргаж өгөх” хүсэлт тавьжээ. Гэвч тус товчоо мэдээлэл өгөхөөс татгалзсан учраас Веделаго Хараат бус хэвлэлийн комиссар”-т хандсан байна. Гэвч комиссарын зүгээс 2014 оны 11 дүгээр сар хүртэл ямар ч шийдвэр гаргасангүй, хариу өгсөнгүй. Энэ хугацаанд дээрх баримт бичгүүдийг засварласан учраас ач холбогдолгүй болсон аж.   


Сэтгүүлчдийн явуулсан акцийг дэмжиж буй мэргэжил нэгт нөхдүүдийнх нь харамсан ярьснаар, Австралийн хуулиуд дэндүү хатуу байгаа нь сэтгүүлчдийг амаа хамхихаас аргагүйд хүргэж байна. “Австрали улс дэлхий дээрх хамгийн далд нууцлаг ардчилсан улс болж магадгүй байна” гэж АВС корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Андерсон ярилаа.


Sydney Morning Herald сонины редактор Лиза Дэвис твиттер хуудсандаа “өнөөдрийн бидний эсэргүүцлийн ажиллагаа бол зөвхөн сэтгүүлчдийг бус Австралийн ардчиллыг хамгаалах зорилготой” гэж жиргэжээ. 


Үүний сацуу, сэтгүүлзүйг цензүүрдэж байгаа тухай асуудлаар парламентад ширүүн маргаан өрнөж байна. Австралийн сөрөг хүчний удирдагч Энтони Албанез үг хэлэхдээ, News Corporation-ы ажилтан Анника Сметэрст, АВС-гийн сэтгүүлчид болох Дэн Оукс, Сэм Кларк нарын эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохыг уриалаад  “сэтгүүл зүй бол гэмт хэрэг биш, энэ бол манай ардчиллын амин чухал хэсэг. Ажлаа хийснийхээ төлөө сэтгүүлчид шийтгүүлэх ёсгүй” гэжээ.


“Австралийн хэвлэлийнхэн байнга өрсөлдөх сэтгэхүйгээсээ салж, бүгдээрээ сониныхоо тэргүүн нүүрийг хараар будаж хэвлэсэн нь санаанд оромгүй үйлдэл байлаа. Цагдаа нарын дайралт нэгжлэг нь хэвлэл мэдээллийн компаниудыг урьд хожид байгаагүйгээр эв нэгдэлтэй болгожээ. Сэтгүүлчдийн эв нэгдэл нь өрсөлдөөнийг ялан дийллээ” гэж Австралийн асуудлаар мэргэшсэн сэтгүүлч, ВВС агентлагийн редактор Жэй Сэвиж ярьж байна.   


Эцэст нь өгүүлвээс, Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт энэ онд Австрали улс дэлхийд 21 дүгээрт орсон нь 2018 оныхоос 2 байраар ухарсан гэсэн үг бөгөөд хэт хатуу чанга хуулиуд нь Австралийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйд аюул учруулж байгааг тус байгууллага анхааруулжээ.


Б.Адъяахүү

 

 

 

Холбоотой мэдээ