“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сарын аян зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий
/МОНЦАМЭ/ Хэрлэн сумын хэмжээнд түгээмэл үйлдэгдэж байгаа гэмт
хэрэг, зөрчлийн тоон мэдээнд дүгнэлт хийсний үндсэн дээр сарын аяныг зарлажээ.
Энэ сарын 20-ноос ирэх сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх тус аяны үеэр мэргэжлийн байгууллагуудтай хамтран зорилтот бүлгийн иргэдэд сургалт зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Дураараа бишээ дүрмээрээ” нөлөөлийн аяны талаар мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн архи
согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг иргэдийн судалгааг гаргаж, тэдэнд
архинаас гарах, архины зохистой хэрэглээний тухай сургалтыг мэргэжлийн болон
энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран нөлөөллийн арга хэмжээг
зохион байгуулах юм байна.
Түүнчлэн орон байрны болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх эргүүл пост ажиллуулах, малыг байнгын хариулгатай болгох, хөршийн холбоо, малчдын бүлгийн зохион байгуулалтыг дэмжих, хамтран ажиллах, багийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх, Хэрлэн сумын ЕБС-уудын нийгмийн ажилтнуудтай хамтран сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил болон цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ахлах ангийн сурагчид болон эцэг эхчүүдэд сурталчлах ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Сарын аяныг дүгнэж, Хэрлэн сумын найман багаас холбогдох материалаар баяжуулсан, баримтжуулсан фото зураг бүхий тайланг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймаг, сумын салбар зөвлөлд хүлээн авч онооны дунджаар 1-3 дугаар байр, тусгай байр эзлүүлж урамшуулах юм байна.