Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-24 12:33:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 25 гишүүн энэ сарын 11-нд өргөн мэдүүлсэн бөгөөд төсөлд мал хулгайлсан этгээдэд оногдуулах ялыг чангатгахаар тусгажээ.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “24 бог, 8 бодоос дээш тооны мал хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ. Тодруулбал, дээр дурдсанаас цөөн тооны мал хулгайлсан тохиолдолд хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээх юм. Тиймээс 5 бог, 1 бодоос олон тооны мал хулгайлсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хүндрүүлэх нөхцөлтэй хэмээн үзэж, ял оноохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. УИХ-ын гишүүн З.Нарантуяа мөн дээрхтэй ижил хуулийн төсөл өргөн мэдүүлээд буй юм. Тиймээс уг хоёр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийн явцад нэгтгэнэ.

Чуулганаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Холбоотой мэдээ