Биобэлдмэлийн үйлдвэрийг сэргээн ажиллуулж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-10-22 15:18:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн хэдэн жил үйл ажиллагаа нь тасалдаад байсан Биобэлдмэлийн үйлдвэрийг шинэчиллээ.

“Эмийн үйлдвэрт тавигдах шаардлага”, “Биобэлдмэлийн үйлдвэрт тавигдах шаардлага” стандартад нийцүүлэн сэргээн ажиллуулах тус үйлдвэрийн нээлт өнөөдөр Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-д болов.

Импортын, өндөр үнэтэй, биобэлдмэлийн бүтээгдэхүүнээр эрүүл мэндийн байгууллага, иргэдийн хэрэгцээг хангаж байгаа өнөөгийн нөхцөлд энэхүү үйлдвэр нь альбумин, иммуноглобулин зэрэг нийт уургийн бэлдмэлийн хэрэгцээний 10-15 хувийг хангах боломжтой юм.

Монгол Улсад вакцин, биобэлдмэл үйлдвэрлэж хүн ам, эрүүл мэндийн салбарын хэрэгцээг дотоодын эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор анх 1932 онд байгуулж байсан тус үйлдвэр 1933 онд 98 000 хүн/тун цагаан цэцгийн вакцин үйлдвэрлэн эх орны хэрэгцээг хангаснаар цагаан цэцэг өвчнийг 1938-1940 онд бүрэн устгаж байсан нь Монголын анагаах ухаанд оруулсан чухал хувь нэмэр гэдгийг эмч нар хэлж байна.


НЭМҮТ-ийн Биотехнологийн инновацын албаны дарга Б.Ичинхорлоо хэлэхдээ, “Манай улсад өнөөгийн байдлаар, элэгний болон бусад хавдар, мэс заслын дараах, төрсний дараах цус алдалт, осол гэмтэл, түлэгдэлт, бөөрний дутагдал зэрэг өвчний үед уураг нөхөх зорилгоор импортын, өндөр үнэтэй, биобэлдмэлийн бүтээгдэхүүнээр эрүүл мэндийн байгууллага, иргэдийн хэрэгцээг хангаж байна. Биобэлдмэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 2010 онд зогсоож, 2014 онд Засгийн газар, ЭМЯ-ны 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн. Үүний үр дүнд 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан. 2019 онд Эрүүл мэндийн сайдад хүсэлт тавьсны дагуу ЭМЯ-наас 100-аад сая төгрөгийн өртгөөр уурагт бэлдмэлийн тасгийг өнөөдөр нээж байна. Энэхүү үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрсэн тохиолдолд Монгол Улсын нийт альбумины хэрэглээний 25-30 орчим хувийг хангана. Нэг бүрийн үнэ нь импортын бүтээгдэхүүний зах зээлд гаргаж буй үнээс 10-30 хувь хямд борлуулах боломжтой” хэмээв.

Эхний ээлжинд зах зээлд хэрэгцээтэй альбумин, хүний хэвийн иммуноглобулин, гистамин зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг цусны бэлдмэлийн тасгийг ажиллуулах юм. Альбумин зэрэг цусны бэлдмэлийг 2010 оноос үйлдвэрлээгүй учир туршилт үйлдвэрлэлийг 2-3 удаа явуулж технологийг хэвшүүлэх аж. Улмаар ирэх жилээс бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрнэ гэдгийг албаныхан хэллээ.


Холбоотой мэдээ