Ан амьтдад зориулсан худаг гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-21 16:20:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны санхүүжилтээр тус аймгийн Дарьганга сумын гуравдугаар багийн нутаг Цавчир гэх газар байгалийн зэрлэг ан амьтдад зориулсан худаг гаргажээ. Энэхүү худаг нь нарны энергийн хүчээр ажиллах бөгөөд нарны тусгал сайн байх тусмаа ус нь их гарах аж.

Өөрөөр хэлбэл худгийн насос нарны энергиэр цэнэглэгдэж, өөрөө автоматаар усаа шахаж гаргана гэсэн үг. Худаг 100 гаруй метрийн гүн, насос нь 73 метрийн гүнээс усаа татах хүчин чадалтай. Худгийн дэргэд зориулалтын онгоц байрлуулсан учир ан амьтад болон мал ундаалах боломжтой. Худгийн тоног төхөөрөмжийг гадны биетээс хамгаалж бүрэн хашаажуулсан гэх мэдээллийг Эрдэнэдрийлэнг өрөмдлөгийн компанийн мэргэжилтэн өгсөн юм.

Тус газар нутагт цагаан зээр, үнэг хярс ихээр нутагладаг ажээ. Яг энэ төрлийн худгийг Онгон, Наран суманд мөн гаргасан байна. 

Холбоотой мэдээ