Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-21 14:11:10

ХАВАНА. /TASS/.  Улс төрийн тогтворгүй байдлын улмаас эдийн засгийн ноцтой хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа Хаити улсын хүн амыг хоол хүнсээр хангах яаралтай тусламж хүссэн захидлыг тус улсын Гадаад хэргийн сайд Бощи Эдмон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеод илгээсэн тухай “Haiti Libre” цахим хуудас мэдээлжээ.


“Яаралтай тусламж, түүнчлэн тусламжийг тараахад шаардлагатай материал-техникийн дэмжлэг үзүүлэхийг Хаити улсын Засгийн газрын нэрийн өмнөөс би танай улсаас хүсэж байна. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс хоол хүнсээр бүрэн хангагдахын тулд улс төрийн хямрал шийдэгдэхийг хүлээж чадахгүй. Энд хүний эрхэм чанар, улс орны тогтвортой хөгжил, мөн аюулгүй байдал болоод үндэсний тогтвортой байдлын тухай яригдаж байна” гэж тэрбээр захидалдаа бичжээ. Түүний хэлснээр, Хаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моизийн засаг захиргаа нөхцөл байдлыг шийдэх арга хэмжээ авч байгаа боловч "үр дүнгээ хараахан өгөөгүй байна”.


Хоёрдугаар сард Хаитид олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн бөгөөд жагсагчид Моизийг огцрохыг шаардаж байгаа аж. Сөрөг хүчнийхэн шинэ Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах парламентын хуралдааныг байнга тасалдуулж байгаагийн улмаас тус улс сайд нарын танхимаа баталж чадахгүй долоон сар болжээ. 10.6 сая орчим хүн амтай Бүгд Найрамдах Хаити Улс нь дэлхийн Баруун тал бөмбөрцгийн хамгийн ядуу улс юм. 



 


Холбоотой мэдээ