Оюутнуудыг эерэг хандлагад уриалав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-10-17 17:15:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Эерэг тэмүүлэл” ТББ-тай хамтран 3 дахь жилдээ өрнүүлж буй “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ы сургалт өнөөдөр боллоо.

Сургалтад Р.Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын коллежийн 300 оюутан, Сүхбаатар дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд оролцов.

 Тус аян төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудад үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, тэднийг эерэг хандлага, амьдралын зөв дадал хэвшилд уриалах, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, харилцааны соёлтой иргэн болгон төлөвшүүлэх зорилготой.

Аяны  хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, их дээд сургуулиуд, МСҮТ, Асрамж халамжийн төвийн өсвөр насны хүүхдэд хуваарийн дагуу эерэг хандлагын сургалт зохион байгуулж буй юм. Мөн залуучуудыг идэвхтэй оролцохыг уриалж, нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран 10 зөв дадлын сурталчилгааг нийтийн тээврийн 100 автобусанд байршуулжээ.   

Сургалтад одоогийн байдлаар Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, СЭМҮТ, Жигүүр гранд ХХК, Таван толгой түлш ХХК-ийн албан хаагч, Нархан сургуулийн сурагч нийт 7000 гаруй иргэн хамрагдаад байна.

“Нийслэлийн иргэний 10 зөв дадал"

1.Эерэг хандлагатай иргэн байцгаая

2.Эелдэг харилцаатай иргэд байцгаая

3.Хувийн зохион байгуулалттай иргэд байцгаая

4.Нийтийн соёлыг эрхэмлэдэг иргэд байцгаая

5.Бүтээлч, санаачилгатай, оролцоотой иргэд байцгаая

6.Уламжлал ёс заншлаа дээдэлдэг иргэд байцгаая

7.Цахим орчинд хариуцлагатай иргэд байцгаая

8.Эрүүл амьдралын хэвшилтэй иргэд байцгаая

9.Ногоон орчин бүтээдэг иргэд байцгаая

10.Замын хөдөлгөөний дүрэм баримталдаг иргэд байцгаая


Холбоотой мэдээ