Залуу судлаачдын “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-10-17 10:03:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн харьяа Одон орон судлах Хүрэлтогоот төвд 15 дахь жилдээ Газарзүй-Геологи, Анагаах ухааны салбарын хуралдаанаар эхэллээ.

Хурал цаашид үргэлжлэх бөгөөд Нийгэм хүмүүнлэг, Биологи-Хөдөө аж ахуйн салбар хуралдаан маргааш, Эдийн засгийн салбар хуралдаан энэ сарын 19-нд, менежмент, Байгалийн ухааны салбар хуралдаан Хүрэл тогоот одон орон судлалын төвд энэ сарын 25-нд, Инженерчлэл, технологийн салбар хуралдаан ШУТИС-ийн Төв номын санд энэ сарын 26-нд болно.

БСШУСЯ, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, ШУА, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай жил бүр хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

Газарзүй, геологийн салбар хуралдаан

Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг ГГСЗЭХ-ны тэргүүн доктор, А.Дашцэрэн, гүйцэтгэх захирал Д.Санчир болон УЗ-ийн гишүүдтэй хамтран зохион байгууллаа. Салбар хуралдаанд нийт 40 орчим бүтээл ирүүлснээс аман 18 илтгэл хэлэлцүүлж, 21 судлаачийн бүтээл хэвлэгдэн гарсан.

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Г.Уламбаяр “Улаанбаатар хотын халианы асуудалд /Баянзүрх дүүргийн 10-р хорооны жишээн дээр/” бүтээлээр тэргүүн байр эзэлсэн бол ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн судлаач Б.Нацагдорж “Lithological mapping by using aster data in the Ih-Ulziit area Umnugobi province” бүтээлээр дэд байрт шалгарлаа.

Мөн МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш, Д.Дорлигжав “Газрын массын үнэлгээнд оолон хүчин зүйлсийг тооцоолох нь /Улаанбаатар хотын гэр бүлийн хэрэгцээний газрын жишээн дээр/” бүтээл, ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Түрүүтүвшин “Хээрийн бүсийн хэт талхлагдсан бэлчээрийг малын тэжээл бүхий ургамлуудаар нөхөн сэргээх нь” бүтээлээрээ тусгай байрыг эзлэв.

Анагаах ухааны салбар хуралдаан

Анагаахын ухааны салбарын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг Анагаахын ухааны салбарын залуу эрдэмтдийн холбооны тэргүүн доктор, Т.Баясгалан, гүйцэтгэх захирал О.Зэсэмдорж болон УЗ-ийн гишүүдтэй хамтран зохион байгууллаа. Салбар хуралдаанд нийт 43 бүтээл ирүүлснээс аман 12 илтгэл хэлэлцүүлсэн байна.

Тэргүүн байрт судлаач Б.Анужин нарын "Жижиглэнгийн худалдаагаар зарж байгаа түүхий маханд Staphylococcus aureus-ийг илрүүлж, эмэнд тэсвэрт байдлыг тодорхойлсон дүн", дэд байрт судлаач Н.Мөнх-Эрдэнэ "FLT3-ITD эерэг лейкемийн эсүүдийн цитарабины тэсвэржилтэд эсийн гаднах орчин болон Хувиргагч өсөлтийн хүчин зүйлийн эмгэг жамын үүрэг" бүтээл шалгарлаа.

Мөн Г.Үнэнбат нарын "Өндөр эрсдэлтэй хүн амын дундах “В”, “С” ба “D” вирусийн шалтгаант хепатит ба элэгний эсийн өмөн үүсэх эрсдэлт хүчин зүйлүүд: Монгол улсад хийсэн тохиолдол хяналтын судалгаа” бүтээл, П.Балжинням нарын "Нейтрофил эсийн эргэн сэргэлтэд CD34+ үүдэл эсийн тоо нөлөөлөх нь" сэдэвт бүтээл тусгай байрт шалгарав.


Холбоотой мэдээ